images

10 баримт: Ш.Чоймаа багш

Ж.Ариунгэрэл

10 баримт

2022-11-16


1. Ш.Чоймаа нь 1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Шар харгана хэмээх газар мэндэлжээ.

2. Шарга сумандаа дөрвөн жилийн сургууль, зэргэлдээх Төгрөг суманд долоодугаар анги, улмаар Говь-Алтай аймгийн төвд 10 жилийн сургууль дүүргэжээ. 10 дугаар ангид байхад аавынх нь бие чилээрхсэнд хагас жил асраад хичээлдээ бүрэн суугаагүй ч хавар шалгалтаа өгч, сургуулиа алтан медальтай төгсгөөд 1971 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элссэн.

3. Сурлага сайтай хүүхэд байсан тул 1966 онд хөдөө сумаас шалгарч ЗХУ-ын “Артек” зусланд амарч байв.

4. Түүний аав Шарав Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, найман настайдаа Усан зүйлийн хүрээнд шавилан суугаад 18 настайдаа Да хүрээнд ирж Гандантэгчэнлин хийдийн Дашчоймбол дацанд чойрын ном үзсэн. Хүрээнд гамин цэрэг орж ирэхэд нутагтаа очсон боловч төд удалгүй Төвдийг зорьж очин ном үзсээр Буддын шашны аграмба хэмээх өндөр цолыг хүртээд 1943 онд нутагтаа иржээ. Нутгийнхан нь Шарав гуайг Цагаан морьт лам ах хэмээн авгайлж шүтдэг байв.

5. Ш.Чоймаа багадаа Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг, харин ааваараа төвд бичиг заалгажээ.

6. Тэрбээр оюутан болоод Ш.Лувсанвандан, Чой.Лувсанжав, Д.Чойжилсүрэн, Х.Гаадан, Я.Шаарийбуу тэргүүтэй тухайн үеийн сор болсон эрдэмтдээр ном заалгаж сургуулиа дүүргээд багшаар үлдэж насан туршдаа МУИС-д ажиллажээ.

7. Одоогоос гурван жилийн өмнө тэрбээр unread.today сайтад ярилцлага өгөхдөө, залууст заавал уншаасай хэмээн санал болгох номоор “Монголын нууц товчоо”, Лувсанданзаны “Алтан товч”, Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Ц.Шагдарсүрэнгийн “Эх хэлээ эвдэхгүй юмсан”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ыг нэрлэж байв.

8. Тэрбээр “Монголын нууц товчоо”-г дагнан судалж, энэ талаараа ном, өгүүлэл олныг хэвлүүлсэн бөгөөд уг зохиолын эртний эхийг сэргээн бүтээх ажлыг удирдаж, есөн эрдэнээр бүтээн Төрийн ордонд залсан “Монголын нууц товчоо”-ны хосгүй ганц хувийг бүтээхэд оройлон оролцсон юм.

9. Гадаад, дотоодод түүний хэвлүүлсэн ном зохиол, сурах бичиг, толь 80 гаруй, судалгааны өгүүлэл, илтгэл тус бүр мөн тийм хэмжээнд хүрчээ.

10. 1980-аад оны сүүлээр зохиолч Ч.Галсан “Сэтгүүлч” сэтгүүлд монгол бичгийн цуврал хичээл нийтэлж эхэлсэнтэй зэрэгцэн Ш.Чоймаа Монголын төв телевизээр монгол бичгийн хичээл заан эхэлж 1989-1991 онд тасралтгүй 60 удаагийн цуврал хичээл заасан түүхтэй. 

                                                                                          Зураг дээр: Хожмын эрдэмтэн Чоймаа хүү аав Шаравын хамт.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.