images

Монголыг тойрсон хэдэн тарвага


Манай редактор Б.Бат-Амгалан монголчуудын уугуул зарим нутаг Монголын хилийн гадаад этгээдэд нэгэн нэрийн төдийхнөөр боловч хэрхэн тэмдэглэгдэн үлдсэн тухай нэгэн бичвэрийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлснийг уншигчдадаа толилуулж байна. 

   Элдэв бусын юм үзэж явахад их тохиолддог нэг зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Тарвага гэж амьтан байна. Сайхан амьтан. Энэ амьтныг монгол хэлтнүүд л тарвага гэж хэлэхээс биш бусад нь өөр өөрийнхөөрөө, Европын хэлнүүдэд бол бүгдэд нь шахуу marmot гэдэг шиг байдаг. Монгол хүн байгаа газраа юу элбэг байна, түүгээрээ уул усаа нэрлэх нь ёс. Өнөөгийн Монголын нутагт тарваганы нэртэй газар өчнөөн. Харин манай одоогийн хилийг хүрээлээд мөн тийм газар орон, уул ус бишгүй байдгаас хараахан тодорхой буй ганц нэгийг нь тоочсу.

   Хамгийн ойроос эхлэхэд, энүүхэн хойно Оросын Буриадын нутагт ийм нэртэй газар арвин. Тухайлбал, тус улсын төвийн нутгийн Заиграевский хэмээх районд Тарвагатай гэж жижигхээн улус байна. ОХУ-ын Буриадад уугуул иргэд зонхилсон жижиг суурин газрыг, Якутад засаг захиргааны хамгийн том нэгжээ монгол хэлний улс гэдэг үгээр ийн нэрлэдэг. Алтайн Бүгд найрамдах улсад аймаг буюу аймак, Тувад хошуу буюу кожуун, сум буюу сумон гэж байгаатай төстэй юм уу даа. Буриадад их төлөв цөөн хүнтэй ийм улус өнөөдөр 188 байгаа бол Якутад 34 байна.

   Томоос гэвэл Буриадын 21 район (манайхаар бол аймаг) байгаагийн нэг нь 27 мянган хүнтэй Тарвагатайн район гэж байх бөгөөд төв нь мөн Тарвагатай гэж 4200 хүнтэй суурин байна. Энэ нэлээн хуучны нэр бололтой, юу гэвэл 1849 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сарын 6-13-нд энд том яармаг гарч гар эдлэл, есөн жорын идэж уух юм, ширэм, төмөр арилждаг, Тарвагатайн яармаг гэдэг байсан байна. Тэр үед Н.Некрасовын бичсэн “Дедушка” гэж найраглалд хүртэл энэ нэр гарах юм. “Тэр тосгон чинь хаа юм? Тамын холд, Тарвагатай гэж. Байгалын цаана, балар ойд” гэж бичжээ. Ер нь бол Цагаан хааны үед буюу өнгөрсөн зуунд Верхнеудинский уезд гэж том хошуу байхад дотор нь байсан олон тосгон, суурин дунд Тарвагатай нэртэй юм зөндөө л байж. Октябрийн хувьсгалын дараа Дээд Үд хошуу нь өөрөө Тарвагатайн район болчихсон ч явж байх шиг. Сонирхуулахад өнөө алдартай В.Пудовкины “Чингис хааны удам” киноны нэг хэсгийн зургийг 1928 онд энэ Тарвагатайд авчээ. 1912 онд эндээс нэг сонин солир олсныг ШУА-даа хүргүүлсэнд, их ховор сонин эд гэж олзуурхаад Тарвагатайн солир гэж нэр өгсөн байна. Хуучны төдийгүй одоогийн Оросын энэ засаг захиргааны жижиг нэгжийн учрыг олоход хэцүү, суурин юм уу, тосгон юм уу, гацаа юм уу, эсвэл юу ч юм мэдэхгүй. Ямар ч байсан Тарвагатай нэртэй тийм мэтийн юм одоо бол Буриаддаа нэг бус л байна. Байгалын бүүр зүүнтэй буюу Забайкальский край (Энийг одоо монголоор яг юу гэх ёстой юм бол оо?) гэдэгт чиг л байх аж. Доод Тарвагатай ч гэж байх шиг.

   Гол ус гэвэл бас бишгүй, Цагаан даваан шил гэж Буриадын яггүй том нуруунаас эх авсан Куйтунка (монголоор Хүйтэн гол, оросжоод ийм нэртэй болжээ) гол хойшоо явсаар Сэлэнгэд цутгадгийн даваан дээр нэг жижиг голтой нийлдэг нь Тарвагатай гэдэг гол байна. Ер нь Оросын нутагт Сэлэнгэд нийлдэг үй олон юманд цутгасан жижиг голууд дунд ийм нэр нэг бус байх шинжтэй. Эндээсээ баруун тийшээ явж Буриадаас гараад Тува хүрэхэд л Тарвагатай гэдэг гол байж байх жишээтэй. Монголоор бол Горлог мөрний хоёр эхийн нэг Бага Енисейд Каргы гэдэг гол цутгадаг бол тэр голд Элигест гэж гол цутгадаг. 63 км урт тэр голын нөгөө нэг нэр, магадгүй уугуул нэр нь Тарвагатай гэдгийг Оросын водный реестр буюу гол усны бүртгэлд тэмдэглэжээ. Тува, Уулын Алтайд ийм нэртэй өөр юу ч байдаг юм, бүү мэд. Эндээсээ баруун урагшаа яваад Казахстан ороход Хятадтай нийлдэг урт хилийг нь эмжсэн Тарвагатайн нуруу угтана. Өргөнөөрөө 50, уртаашаа 300 км үргэлжлэх энэ их нуруу амьтан, ургамлаар баялаг. Зөвхөн энд л ургадаг хэд хэдэн эндемик ургамал шинжлэх ухаанд энэ нэрээрээ оржээ, Mertensia tarbagataica гэх мэтчилэн. Байгалийн хосгүй үзэсгэлэн бүрдсэн энэ уулын нэлээд хэсгийг Үндэсний байгалийн цогцолбор газар болгоод нэрийг нь "Тарбағатай" хэмээжээ. Уулын баруун үзүүрт мөн Тарвагатай гэдэг жижиг тосгон байна.

   Казахстаны хилийг урагш давахад өөдөөс бас л нэг Тарвагатай тосон авна. Ойрад Зүүнгарын яруу түүхнээ Ил Тарвагатай гэж дуурссан эндэх газрын нэр одоо албан ёсоор бол арай өөр болжээ. Зүүнгараас бүүр хойно буюу XIX зууны сүүл хүртэл Тарвагатай хот гэж байгаад одоо хятаджиж товчлогдоод Тачэн, аймаг хошуу нь Шинжааны Или Хасагийн өөртөө засах тойрог гэнэм. 1954 онд хасагуудад тойрог тасалж өгөхийн өмнө Борталын монгол өөртөө засах тойргийг тусгай байгуулжээ. Баянголын монгол өөртөө засах тойрог гэж бас бий. Шинжаандаа хамгийн том тойрог. Төв нь Хорол хот.

   Шинжаанаас зүүн тийш мордоход мөн л монголчуудын өнөд суусан нутаг үргэлжилнэ. Алшаа, Өвөр Монгол, Хөлөнбуйрт тарвагыг юу гэдгийг сонирхууштай. Өөрөөр хэлдгийг байг гэх газаргүй, мэдэх нэг нь нэмнэ биз ээ. Хянганы нуруу, Хар мөрний хамниганчууд тарвагыг тарвага л гэж хэлдэг нь бол баттай юм. (Хамниган ороочонгууд 1911 онд Богдын соёлд дагахыг айлтгаж Их Хүрээнд бичиг өргөсөн бий) Тиймээс нутаг оронд нь ийм нэртэй газар ус байхыг үгүйсгэх аргагүй. Сонирхолтой нь Хөлөнбуйр, Хармөрөн мужаас зүүн хойшоо нэлээн алс, монгол соёлын хүрээнээс бүүр салгуу хол Оросын Алс Дорнодын Камчатка, Корякт тарвагыг тарвага (тарбаган) гэдэг шиг байна. Гэхдээ тэр нь манай хоёр зүйл тарваганаас арай өөр зүйл, хар толгойтой, латин нэр нь Marmota camtschatica гэнэ. Манай хоёр зүйлийг бол Marmota baibacina, Marmota sibirica гэдэг юм уу даа.

  Яагаад ч юм эхнээсээ нар буруу явчихаж. Камчаткаас баруун тийш яваад тойрог битүүрэхийн даваан дээр, ертөнцийн хязгаар Якут хүрэхэд энэ нуршсан зүйл дэх хамгийн сонирхолтой зүйл тохиолдоно. Тэр нь юу вэ гэвэл якут буюу саха хэлэнд тарвагыг тарвага л гэдэг. Таарбаҕан гэж бичнэ. Яагаад ийм болсныг мэдэхгүй. Түүх, угсаатны зүй, хэл шинжлэлийн улс л мэдэх байх. Би бол аль ч нь биш энгийн сонирхогч учраас ингээд дуусгасу. Якутын харин нэг сонин юм байдаг нь эдний эртний домог, туульд Чингис хааныг дээд гурван тэнгэрийн нэг гэж айхтар шүтсэн юм байдгийг олоон жилийн өмнө энд тэндхийн юм шүүрдэж эвлүүлэн хэвлэлд гаргасан маань үрэгдсэн бололтой. Яаж мэдэхэв, гараад ирвэл тэрийг хуваалцана аа.

Зураг дээр: Казахстаны Тарвагатайн нуруун дахь Үндэсний байгалийн цогцолбор газрын үзэмж.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.