images

10 баримт: Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрүүд

Б.Бадамзул

10 баримт

2023-12-29


Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музейн онцлох арван үзмэрийг тус музейн тайлбарлагч Т.Батсүрэн танилцуулж байна. Тус музей нь анх 1949 онд нэг гэрт арваад үзмэртэйгээр ажиллаж эхлээд одоо 11 мянган үзмэртэй болжээ. Үүнээс Түүх, угсаатны зүйн музейдээ 1200 орчим үзмэрийг ил тавьсан бол Байгалийн түүхийн музейдээ мөн 1200 үзмэр дэлгэж, үлдсэн бүтээлийг сан хөмрөгтөө хадгалан тодорхой хугацааны дараа үзмэрүүдийг сэлгэн шинээр дэглэн үзүүлдэг байна.

    1. Эх үрс

   Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг Уулхайрхан гэдэг газраас олдсон хос хүрэл морь нь НТӨ IV-III зууны үед холбогддог. Өөрийнхөө унагыг нуруун дээрээ зогсоосон байдлаар дүрсэлсэн энэ олдвор аливаа зүйлийн эш байх магадлалтай. Манай музейн логод дүрслэгдсэн энэ олдворыг Готовын Цолмон гэдэг хүн 1980 онд манай музейд өгсөн. Готов гуай эл бүтээлийг олоод хүү Цолмондоо өв дамжуулан өгсөн гэдэг. Уг бүтээл олдсон Уулхайрханд түүх, соёлын дурсгалт булш, хиргэсүүр олон байдаг.

    2. Хос хуур

   Чин сүжигт Номун ханы зургаадугаар дүр Галсан-Ёндон энэхүү хос хуурыг бүтээжээ. Ингэхдээ нэг царан дээр хоёр хөгжмийг нэгэн зэрэг бүтээсэн буюу урдаа морин хуур, ардаа хуучир хөгжимтэй. Энэ үзмэрийн царыг ширээр хийсэн бөгөөд 1960-аад онд төрсөн бүтээл гэж таамагладаг манай музейн онцлох үзмэрүүдийн нэг юм.

    3. Хос бадамлянхуа бүхий оньстой хадгалах сав

   Ламын гэгээний тарган дүр Лувсанпэрэнлэйдогмидод Манжийн хаанаас их хэмжээний бэлэг сэлт өгдөг байж. Тэр бэлэг сэлтэд нь шүрэн өвгөн, хаш хөөрөг зэрэг үнэт эдлэлүүд байсан. Тиймээс түүнийг хадгалах оньстой хос бадамлянхуа хэлбэртэй савыг өөрийн дархан Эрдэнэжавын Самбуугаар хийлгэжээ. Энэ савыг алтаар шарж хийсэн бөгөөд, найман дэлбээтэй, дэлбээ бүр дээрээ найман тахилтай. Дотор нь нэг килограмм жинтэй юм хийхэд дэлбээ нь өөрөө хумигддаг. Ийм хадгалах сав нийт зургаан ширхэг бүтээгдсэний хоёр нь музейн сан хөмрөгт, хоёр нь үзмэрийн танхимд байна. Үлдсэн хоёр нь Говь-Алтай аймгийн чигт явсан тухай мэдээ бий. Энэ сав нь дороо оньстой тул тодорхой жинтэй юмыг хийхэд өөрөө хумигдаж, түүнийг оньсоор нь нээж хадгалсан зүйлээ авах зориулалттай.

    4. Ногоон дарь эх, Цагаан дарь эх

   Энэ бол Ламын гэгээний хийдэд залж байсан Ногоон дарь эх, Цагаан дарь эх юм. Гуулин цутгамал энэ бурхадыг мөн Ламын гэгээний тавдугаар дүрийн захиалгаар Эрдэнэжавын Самбуу дархан урлажээ. Занабазарын дэг сургуулиар урласан энэ бурхадыг тус хийдэд залж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед худагт нуусан байсныг 1960-аад онд музейн захирлаар ажиллаж байсан Л.Юндэнбат гуай хөгшчүүлээс сурагласаар олсон түүхтэй. Тэр хүн бага насандаа Ламын гэгээний хийдэд шавилж байсан тул худгаас бурхадыг гаргаад театрын тайзан дор хадгалж байгаад 1990-ээд онд шашин шүтлэг эргэн сэргэх үед гаргаж ирсэн юм.

    5. Алтаар бичсэн Жадамба судар

   Энэхүү Жадамба судар нь 396 хуудастай бөгөөд хар муутуу цаасан дээр алтаар бичсэн байна. Нийт 9875 грамм жинтэй энэ бүтээлийг Баянхонгор аймгийн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Барамсайн Цэдэв 1960 онд манай музейд өгсөн. Үүнийг мөн Ламын гэгээний тарган дүр Лувсанпэрэнлэйдогмид Бээжинд захиалгаар хийлгүүлсэн бөгөөд судрын ард найман тахилыг дүрсэлсэн байдаг.

   6. Гүр дууны яниг

   Чин сүжигт Номун ханы анхны дүр Лувсанноровшарав гэгээн энэ гүр дууны янигийг зохиосон. Гүр дуу нь XVII-XIX зууны эхэн үед хүртэл эрчимтэй хөгжиж байсан. Гүрийн 36 дууг жас, даллагын найрт, 64 дууг нь хошуу, шавийн дунд, 84 дууг нь их найр, наадмын үеэр дуулдаг байжээ. Яниг гэдэг нь одоогоор хөгжмийн нот юм. Чин сүжигт Номун ханы хийдийн гүр дууны онцлог нь босоо арван шугамд бичигдсэнээрээ онцлог. Ламын гэгээний яниг бол хэвтээ дөрвөн шугаман дээр бичигдсэн байдаг. Энэхүү янигийг тайлах судалгааг доктор А.Алимаа, СУИС-ийн багш байсан талийгаач С.Соронзонболд нар хийж утгыг нь тайлан судалгааны эргэлтэд оруулсан.

    7. Зэс тогоо

   Энэ дөрвөн талдаа бариултай зэс тогоог Чин сүжигт Номун ханы хийд буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын хийдийн 700 гаруй ламын хоол, цайг бэлтгэхэд хэрэглэдэг байжээ. Энэ тогоо олон байсан хэдий ч 1990-ээд оны үед зэс, гууль үнэд ороход үрэгдэж, ганц үлдсэн нь манай музейд ийнхүү хадгалаастай байна.

    8. Сийлбэртэй цул шүрэн хөөрөг

   Баянхонгор аймгийн аварга жолооч Пүрэвдагва гэж хүний эдэлж байсан сийлбэртэй шүрэн хөөрөг бол манай музейн онцлох үзмэрүүдийн нэг юм. Энэ хөөрөг нь нэлээд ховор үзмэрт орно. Учир нь, шүр Монголд ургадаггүйн дээр ийм том хэмжээтэй олддоггүй эрдэнэ. Энэ хөөрөгний хажуу бөөрөн дээр ямар нэг амьтан дүрсэлсэн мэт харагддаг.

   9. Толгойн боолт

   Баянхонгор аймгийн Лувсандорж дарханы бүтээсэн иж бүрэн толгойн боолт мөн музейд буй онцлох бүтээл мөн. Энэ толгойн боолтны оройвчны дээд тал битүү байгаа нь зэрэг дэвтэй ноён хүний эхнэр өмсөх гоёл болохыг илтгэдэг. Үсний хавчаар, унжлага, оройвч бүхий энэ гоёлыг цэвэр мөнгөөр урлаж түүн дээр шүр шигтгэж хийжээ. Лувсандорж дархан XIX зууны үед амьдарч байсан бөгөөд мөн л Ламын гэгээний дархан юм.

   10. Луу хээтэй хүрэм

   Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат уран Дулам гэж хүний хийцийн энэ бүтээлийг уран Цэрэнжав гэдэг хүн манай музейд өгсөн. Хар чисчүү хантаазны ар, өвөрт нь өнгө ялгаж луу хатгаж эмжсэн бөгөөд үүлэн дунд буй лууг алтан утсаар ороожээ. Энд дүрсэлсэн луу нь таван хумстай. Тэгэхээр монгол луу болдог. Мөн алтан ургийн ноёдын эдэлж хэрэглэх зүйл байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.