images

Жанжин Д.Сүхбаатарын дүүгээс Х.Чойбалсанд бичсэн захидал

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-12-07


   Жанжин Д.Сүхбаатарын ахын охин Цэрэндуламаас 1951 оны зургаадугаар сарын 7-ны өдөр маршал Х.Чойбалсанд бичсэн захидлыг толилуулж байна.

    Хайрт хүндэт удирдагч маршал Чойбалсан таныхаа биеийн амар мэндийг асуун лавлаж, улмаар эрүүл энх байхыг ерөөж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Таныхаа мэндийг мэдэх завшааны хоёр, нэг үгийг чухал болгон сонсгож, хүсэх нь.

   Миний бие жанжин Сүхбаатарын төрсөн ахын хүүхэд бөгөөд 76 настай эх, 5 настай хүүхдийн хамт амьдардаг ба 1930 оноос эхлэн улсдаа тасралтгүй ажилласаар ирсэн бөгөөд, одоо Монгол ардын хувьсгалт намын төв хороонд, хэрэг эрхлэх газрын бичиг хэрэг ба мөнгөний кассын няравын ажлыг 8 жил гаруй хийж, энэ ажилдаа онцын алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн бөгөөд, үүний зэрэгцээ Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн мөнгөний няравын ажлыг хавсран ажиллаж, хууль ёсны 40 хувийн нэмэгдэл цалинг авч байсан, атал ах Сүхбаатарын эхнэр Янжмааг ажлаас халагдмагц нэмэгдэл хөдөлмөрийн хөлсийг өгөхгүй, 5 жил шахам нэмэгдэл цалинг өгөөгүй болно. Энэ нь Янжмаа даргаас ах дүүгийн хэмээн дотночлон талархаж олгож байсан хэрэг бус хууль ёсоор олгож байсан хэрэг байх гэж өчүүхэн би бээр хувьдаа боддог юм. Манай зарим хүмүүсээс Янжмаа дарга өгч байсан хэрэг биз бид өгч мэдэхгүй гэх зэргээр өнгөрүүлдэг болмой. Мөн түүүнчлэн Зөвлөлт улстай соёлоор харилцах нийгэмлэгийн байгууллагад мөнгөний няравын үүрэгт ажлыг үндсэн ажлын гадуур хавсран ажиллаж баймой. Гэтэл нэр дурьдагч 5 байгууллагуудаас миний хавсран ажилласны нэмэлт цалин хөлсийг олгохгүй гэх зэргээр эмэгтэй намайг ахуй байдлаар дорой ядмаг амьдарлага дээр минь туслан харахгүй үл хайхран өнгөрүүлэх, үг яриаг минь хүлээн авахгүй зэрэг явдлууд, миний ах Сүхбаатарын эхнэр Янжмааг албан ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшид тасралтгүй үзэгдэж баймой. Иймд би бээр ганц өөрийн цалингаар амьдардаг ба энэ хаврын турш, эх минь өвчтэй аж амьдралын талаар туйлын дутмаг гачигдалтай байдлыг харгалзан үзээд надад тэтгэвэр олгуулах юм уу эсхүл олгогдох зохих зүйлийг олгохгүй байгаа зэрэг явдлын дээр арга хэмжээ авахуулж өгөх талаар Намын төв хорооны нарийн бичгийн дарга Дамба гуайд сайн ах Сүхбаатарын нөлөөгөөр бусад ажилчдын адилаар үзэж байхыг мэдэгдэж өгөхийг миний нас эцэслэсэн хайрт ах Сүхбаатарын дотны нөхөр ба ард түмний мэргэн жолоодогч хайрт ах Чойбалсан танд хичээнгүйлэн гуймой.

Эх бичгийн эх сурвалж: Алдаагүй Монгол Бичиг Фэйсбүүк хуудас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.