Н.Назарбаев хоёр эхнэртэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев хоёр дахь эхнэр, түүнээс гарсан хоёр хүүтэй гэдгээ шинээр гарч буй дурдатгал номдоо анх удаа илэн далангүй өгүүлсэн талаар orda.kz сайт өнөөдөр мэдээллээ. Хэвлэгдээд удаагүй “Миний амьдрал” номдоо бичсэнийг нь үзвэл түүний хоёр дахь эхнэрийг Асель Исабаева гэдэг бөгөөд 2005 онд Тауман, 2008 онд Байкен хэмээх хүү төрүүлжээ. Н.Назарбаевын бичсэнээр тэрбээр Казахстаны Талдыкорган хотод айлчилж байхдаа А.Исабаеваг анх харсан бөгөөд бүсгүй түүнийг онгоцноос буухад цэцэг барьж байжээ. “Ийм хэмжээний ёслолд орон нутгийн хамгийн сайхан бүсгүйг сонгодог нь хууль” хэмээн Н.Назарбаев номдоо бичсэн гэнэ. Тэр цагаас хойш түүний сэтгэлээс сайхь бүсгүй огт гараагүй бөгөөд хэсэг хугацааны дараа А.Исабаеваг “Казахстаны гоо бүсгүй” тэмцээнд түрүүлж байхыг сониноос харснаа зохиогч дурдаад “Түүнийг хараад би он удтал хайсан бүсгүйгээ олсноо ойлгосон. Хамгийн гол нь би олон жил туулсан сэтгэлийн ганцаардлаасаа тэгж салах хувьтай байжээ” гэж бичжээ. orda.kz сайтын мэдээнд өгүүлснээр удалгүй лалын шашны журмын дагуу гэрлэснээ Н.Назарбаев эхнэр Сара болон хоёр охиндоо хэлсэн гэнэ. Казахстаны Respublika сайтад бичсэнээр А.Исабаева 1999 онд “Казахстаны гоо бүсгүй” тэмцээнд түрүүлэхдээ 19 настай байсан бол Н.Назарбаеваас анхныхаа хүүг төрүүлэхдээ 25 настай байжээ. Харин хүүгийн эцэг тэр үед 65 настай байсан байна. Бүсгүй 2021 онд Курманбаева гэдэг овогтой байсан бөгөөд төрийн мэдлийн томоохон театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан бололтой. Мөн сайтын бичсэнээр Н.Назарбаевт Гульнара Ракишева хэмээх бас нэг эхнэр байсан нь түүнээс хоёр охин төрүүлсэн гэнэ.
Н.Назарбаевын шинэ номыг Казахстаны “Фолиант” хэвлэлийн газар эрхлэн гаргажээ. Хамтран зохиогчгүй, ганцаараа бичсэн энэ номдоо Н.Назарбаев өөрийн хувийн болон улс төрийн амьдралыг хөндөн өгүүлсэн байна. Удахгүй номын дэлгүүрүүдээр борлуулах уг номыг одоогоор салбарын шинжээч, сэтгүүлч, улстөрч нарын цөөхөн хүний хүрээнд тараагаад байгаа гэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: “Комсомольская правда” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.