Ж.Ганбатыг хоёр дахь удаагаа Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо
Чихэнд чимэгтэй
2023-11-29
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин Бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Ингэхдээ өмнөх БЭТ Ж.Ганбатыг дахин томилжээ. Анх 2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуралдаанаар тус компанид зургаан сарын хугацаагаар БЭТ томилох шийдвэр гаргаж Ж.Ганбатыг томилсон бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард УИХ-ын 28 дугаар тогтоолоор хугацааг нь дахин зургаан сараар сунгаж ажилуулсан юм. Улмаар өнгөрөгч 10 дугаар сарын 27-нд мөн хугацаа нь дууссан тул компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсон билээ. Тэгвэл энэ удаа Засгийн газар тус компанид дахин БЭТ ажилуулах шийдвэр гаргаж Ж.Ганбатыг дахин томилжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн танилцуулснаар Ж.Ганбатыг БЭТ-өөр ажиллах нэг жилийн хугацаанд дараах үр дүн гарсан байна. Үүнд:
- Нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг бодитой хийсэн.
- Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж чадсанаар тээврийн компаниудын татварын орлого бүрэн төлөгддөг болсон.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
- Уулын ажил гүйцэтгэх зардлыг дахин тооцоолол хийснээр бодитой буулгасан.
- Хөрс хуулах зардал харилцан адилгүй тендер зарлагдаж, харилцан адилгүй үнээр хийгддэг байсныг зах зээлийн үнэ ханшид оруулсан.
- Компанид үүсээд байсан өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгосон.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.