images

Ц.Дамдинсүрэн: Монголын морь муу ч гэсэн энэ морийг унаж яваад монголчууд дэлхийг донсолгосон юм

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-11-14


   61 жилийн өмнө Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх асуудлыг  МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1962 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанд тус товчооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир оруулж иржээ. Уг хурлаар Чингис хааны 800 жилийн ойд зориулсан хурал хийх, шуудангийн марк гаргах, баримтат кино хийх зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоол гаргав. Улмаар яруу найрагч Д.Пүрэвдорж “Чингис хаан” шүлгээ бичиж, Ү.Ядамсүрэнгийн эх зургаар “Монгол шуудан” компани цуврал марк гаргаж, зураач Л.Махвал Хэнтийн Дадалд Чингис хааны хөшөө босгосон түүхтэй. Ойд зориулсан хурал 1962 оны тавдугаар сарын 11-нд Улаанбаатар хотын Төв номын сангийн танхимд болсон бөгөөд уг хуралд эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хэлсэн үгийг нийтэлж байна. 

   “Чингис хааны тухай өнөөдөр ярьж байна. Чингис хаан буюу өөр ямар ч түүхт хүмүүсийн тухай ярихдаа чухам түүхт үнэнийг олох зорилгыг тавих хэрэгтэй. Чингис хааныг хэтэрхий магтах, хэтэрхий муулах аль нь ч бидэнд хэрэггүй, чухам үнэн л хэрэгтэй. Чухам үнэнийг олох судлал бол чухам марксист судлал болно. Учир нь үнэн ба марксизм бол хоёр өөр юм биш нэг л юм. Манай түүхч Нацагдорж, Далай, Бира нарын илтгэлийг сонсоход эд нар Чингисийн тухай чухам үнэнийг олох гэж багагүй оролдож байгаа нь мэдэгдэж байна. Зохиолч түүхч нарын бичсэн Чингис хааны тухай ном олон байна. Гэвч эдгээр ном бүрд Чингис хааны үнэн дүр гарсан биш гэж бодож байна. Үүнд баримт болгож хэдэн зохиолын тухай өгүүлсүгэй.

   Монголын зохиолч Инжинааш “Хөх судар” гэдэг түүхэн романыг бичжээ. “Хөх судар”-ын гол баатар нь Чингис хаан юм. Гэвч Инжинаашийн Чингис хаан бол жинхэнэ үнэн Чингис хаан биш. Инжинаашийн өөрийн бодож гаргасан Чингис хаан байна. Тэр зохиогчийн үед хар феодал ноёд нь ард олныг дарлаж мөлжихөөс өөр юу ч мэдэхгүй этгээд байсан ба шар феодал лам нарын олонх нь амьдрал ертөнцөөс хэтэрхий тасархай, эртний хоосон онолыг үхширтэл цээжилснээс өөр юм мэдэхгүй, ард олонд тус хүргэхгүй этгээд байжээ. Ийм ялзарсан феодализмын нийгмийн дотор нэг гайхамшигт баатар эр гараад бүх нийгмийг хөрвүүлэн засах болоосой гэж Инжинааш мөрөөдөж байжээ. Зохиолч тэгээд өөрийн мөрөөдсөн баатраа Чингис хаан болгож зохиосон шиг байна. Тэгэхээр Инжинаашийн Чингис хаан бол үнэн Чингис хаантай хавьтахын аргагүй өөр дүр болжээ. Тэрчлэн Зөвлөлтийн зохиолч Яны “Чингис хаан” гэдэг романы Чингис хаан бол бас үнэн Чингис хаан биш зөвхөн зэрлэг дайсан юм. Зөвлөлт улсад Германаас дайсан халдаж ирж магадгүй байгаа үед ард түмнийг эв нэгдэлтэй сонор сэрэмжтэй болгон хүмүүжүүлэх чухал байжээ. Гадаадаас дайсан халдаж ирэхэд дотоодод эв нэгдэлгүй зөрчил хямралтай байвал ямар их аюул болохыг Ян романдаа сайхан үзүүлжээ. Энэ талаар Ян их гавьяатай сайн хэргийг хийжээ. Гэвч Чингис хаан ба түүний хавийн юмыг цөм хав хар, муу муухайгаар үзүүлсэн нь баахан хэтэрч, үнэн байдлаас холдсон байна. Жишээ нь Чингис хаан “Бөөвийсөн муусайн морьдоо унаад жартгай ярдаг хатнаа дагуулаад” гэх зэрэг бичсэн юм. Чингис хаан бүх Монголыг, бүх Азийг эзэлсэн хаан байсан тул аль сайн морийг шилж унаж, аль сайхан хүүхнийг шилж авч явсан юм. Тэгэхлээр Чингис хааны хатныг тийм царай муутай, морийг нь тийм өөдгүй юм байсан гэдэгт би итгэхгүй байна. Зохиолч Ян манайхны хар нүдтэй, улаан хацартай хүүхнийг муу муухай гэж боддог юм бол бид тийм хүүхнээ сайхан гэж боддог юм. Бид баруун зүгийн хонгор зүстэй, ногоон нүдтэй хүүхнийг муу муухай гэж ямар ч зохиолдоо яасан ч доромжлохгүй. Монголын морь муу ч гэсэн энэ морийг унаж яваад монголчууд дэлхийг донсолгосон юм. Эрдэмтэн Грумм-Гүржимайло Чингисийн тухай цөөнгүй хуудсыг бичсэн хүн билээ. Энэ зохиолч Чингис хааныг суут жанжин, ертөнцийн их баатар эр, төрийн гайхамшигт зүтгэлтэн гэх зэргээр магтаж бичсэн байдаг. Ийм их баатар эр, ийм их билигтэй хүн зэрлэг нүүдэлчин монголчуудын дотроос яагаад төрөв гэж их гайхаж бичсэн байдаг. Тэгээд Чингис хаан цэнхэр нүдтэй, цайвар үстэй, өндөрлөг биетэй хүн байсан гэдэг түүхийн мэдээг олж үзээд “Энэ чинь шар арьстан хүн биш, цагаан арьстан хүн байжээ” гэж шийдвэрлэсэн юм. Эрт цагт Европоос динлин гэдэг цагаан арьстан аймаг Азид нүүж ирсэн гэдэг домгийг олж үзээд Чингис хаан ба түүний овог боржигиныг цагаан арьстан байсан гэж номлосон юм.

   Энэ үндэс баримтгүй онолд үнэний хэлтэрхий ч байхгүй, марксизмын үнэр ч байхгүй. Якубовский гэдэг түүхч Монголын нэг боть түүхийг бичихэд оролцож байсан юм. Нүүдэлчин аймаг бол суурьшсан аймгийг үргэлж сүйтгэж байдаг харгис хүч мэтээр Якубовский бичиж байдаг. Нүүдэлчин аймаг ялангуяа монголчууд бол элсэн цөлийг эзэмшиж мал үржүүлэн хар хахир газраас мах, сүү гаргаж байгаагаараа хүн төрөлхтөнд гавьяат үүргийг биелүүлж байгаа юм. Якубовский, Чингисийг бичиг огт мэдэхгүй хагас зэрлэг хүн байсан гэж бичдэг, үүнд ямар ч баримт байхгүй шүү дээ. Бас Хархорин хотыг барихад нэг ч монгол хүн оролцоогүй, монгол хүн нэг ч туйпуу тавиагүй юм гээд бичиж байдаг. Хархорин хотыг байгуулах үед Якубовский дэргэд нь зогсож байсан юм биш биз дээ. Монголын дотор төмөрчин, модоч зэргийн уран дархан хүн байсан мэдээ “Нууц товчоо”-нд байдаг тул Хархорин хотыг барихад монгол хүн оролцсон байх ёстой гэж бодож байна. Зөвлөлтийн эрдэмтэн Бартольд, Владимирцов нарын шавь нар жинхэнэ марксист түүхч нар гарч Монголын тухай марксист судлалыг хийж байна. Бартольд, Владимирцов хоёр бол Монголын тухай, Чингис хааны үйл амьдралын тухай, чухам нарийн судалгааг хийж чухал зохиолуудыг бичсэн их эрдэмтэд юм. Энэ хоёр эрдэмтний зохиол бүтээлийг улам нарийн судлах хэрэгтэй байна”.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Иргэн

    Хэт магтвал эсрэг сэтгэгдэл төрүүлнэ.

    2023-11-15

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.