Увс нутгийнхандаа зориулж Самандын Жавхлангийн бичсэн гомдлын шүлэг
Хөдөөгийн баясгалан
2023-09-26
Ирэх 30-ны бямба гарагт тоглолтоо хийх гэж буй дуучин С.Жавхлан саяхан Фэйсбүүкээр лайв хийж, 2020 оны сонгуулийн дараа “Увсынхан миний дууг битгий сонсоорой!” гэж хэлснийхээ учрыг тайлбарлажээ. Ингэхдээ тэрбээр чухам яагаад тийн хэлэх болсноо тодорхой учирлан хэлж хараахан чадаагүй боловч, бодож байгаа зүйлээ хэлэхээс илүү бичих нь амар байдаг гэхчлэн ярьсан байна. Ингээд Увс нутгийнхандаа зориулан бичсэн нэгэн шүлгийг уншсан бөгөөд уг шүлгийг доор толилуулав. Уг шүлэг нь нутгийнхандаа хатуу үг хэлсэндээ буруугаа хүлээсэн хараахан бус харин сонгуульд дэмжээгүйд нь тэдэндээ гомдсон үг байсныг тэрбээр учирлажээ. Мөн гомдоосноо ухаараарай гэдгийг Увс нутгийнхандаа зориуд хэлж буй бөгөөд улмаар Монголын улс төр өөрөөр нь хэзээд дутна гэж бат нот үздэгээ илэрхийлсэн үгтэй аж. Шүлэг бичсэн нь энэ тоглолтыг хийх болсонтой огт холбоогүй, сонгуулийн ердөө дараа буюу 2020 оны наймдугаар сарын 25-нд бичсэн гэдгээ тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
“Төрд би дутахаар”
Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би
Бүс нь чанга, ухаан хурц, өндөр хөх эцэгтэй байлаа би
Эрхлүүлэн эвийлэх ээж минь даанч үгүй дээ
Аргадан ухааруулах аав минь надад алга даа
Төрсөн нутагтаа л би эрхлэхгүй юм бол
Өөр хэндээ би эрхлэх билээ дээ.
Яадаг юм бэ, би та нартаа эрхэлсэн юм, туньсан юм
Эрээн цаас харж үнэнийг мартаад байхаар чинь гомдсон юм аа
Арван зоос хараад алгаа тосоо юу чи
Алаг үрсийнхээ алтан ирээдүйг арилжиж сольж яав чиг болохгүй ээ
Хорин янчаан үзээд хормойгоо тосоо юу чи
Хонгор үрсийнхээ үлдэх тавиланг үрж гээж хэрхэвч болохгүй ээ.
Төгрөг мөнгөний наймаа болчихсон
Тэрбум тэрбумын өөдөөс тэмцэхгүй байлаа, би
Үнэнийг нь шулуухан хэлээд өгдөг нь үгүй болохоор
Төр надаар дутна аа
Уйлан дуулан өссөн нутагтаа би очно оо
Уймраа зүймрээд холилдсон сэтгэлийн доройтлыг хэзээд би тэвчихгүй ээ.
Түшсэн нутагтаа гомдлоо гэв үү
Үгүй ээ, тийм биш ээ
Зүрхний чанаддаа нуусан тэр сайхан нутгаа
Муулаагүй, гомдоллоогүй юм шүү
Ийм сайхан нутаг дээр
Тийм доройтсон сэтгэл оршиж болохгүйг
Өөрийгөө золин байж би дуугарсан юм аа.
Их л олон хүн үүнийг бодоод, хараад, мэдэрсээр байлаа чиг
Самандын Жавхлан шиг зориг гаргаад хэлсэн нь үгүй билээ дээ
Зүгээр байсан амьдралаа би төртэй холбосон
Зугтаагаад яах юм, би нуугдаад яах юм бэ
Зон олныхоо сэтгэлийг уяраагаад, итгэлийг нь өвөрлөөд сууж байх илч нь байхгүй болохоор
Төр надаар дутна аа.
Хорвоо надаар дутахгүй гэдгийг би мэднэ ээ
Хоосон мэдэрч, доль цохихгүйгээ би бас мэднэ ээ
Хар багын найз нь дуу дууллаа гээд
Хасаж өгнө үү гээд цагдаад өгөхөд нь би гутарсан
Ташуурдахад таван чулуу үсэрсэн байх аа
Том шанагатаар самрахад хэдэн гулд тасарсан бол оо.
Бүсээ савахад жижиг чулуунууд бужигнасан байх аа
Бүтэн улсаа зарахаас буцахгүй
Булхай сэтгэлээс ямар гэж вэ
Түм түмээр нь идэж байгаа зальт этгээдүүдийн өмнөөс
Тасхийтэл нь үнэнийг хэлээд өгчих хүн байхгүй болохоор
Төр Жавхлангаар дутна аа.
Гомдлоо гээд хэр удах вэ би
Гомдол минь тэгээд цайрчихсан шүү дээ
Гутарлаа гээд би яах юм бэ
Гутарсан ч гэсэн би цааш нь амьдарна шүү дээ
Хайртай юм чинь яадаг юм бэ би та нартаа
Эрхэлсэн юм аа.
Уучлаарай гэж хэлмээр байв чиг
Гомдсон минь үнэн болохоор чадахгүй нь ээ өршөөгөөрэй
Гомдоосон чинь бас үнэн болохоор ухаараарай
Гэхдээ гэмшил надад бий
Гэгээрэх сэтгэл надад бий
Цагаахан юм даа би цагаахан.
Олон дунд дуулдаг
Цагаан дээлтэй
Цайвар хүлэгтэй
Цаст хайрханыхаа дунд мэндэлсэн
Цагаан гэртээ торнисон
Цагаан хайранд өссөн
Цагаан замаар Жавхлан чинь
Мөнхөд урагшилна аа.
Жавхлан чинь яг л янзаараа
Байгаагаараа
Үнэнтэйгээ, үйлдэлтэйгээ, ёстойгоо, ястайгаа
Булигласан халуун сэтгэлтэйгээ
Удмын нэрээ сэвтээхгүй
Чин үнэн түүхтэйгээ
Дэвжин дээшилсээр байх болно оо.
Зоосоор төрөө зардаггүй болсон цагт
Зөв сайны тэнхлэг эргэнэ ээ
Энэ мөчийг харж мэдрэх цаг бидэнд байгаа
Үнэнийг нь хэлээд өгдөг нь
Үгүй болохоор
Монголын төр Самандын Жавхангаар дутна аа
Жавхлант манай орон мандтугай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.