Ханжөү: Монголын багийн ахлагч Хятадын төв телевизэд ярилцлага өгчээ
Чихэнд чимэгтэй
2023-09-22
Азийн спортын 19 дэх удаагийн наадам маргааш Хятадын зүүн өмнөд нутгийн Ханжөү хотноо эхэлнэ. Энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгааг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцгойлон мэдээлж байна. Улмаар өчигдөр Хятадын Төв радио телевиз (China Media Group) Монголын баг тамирчдын ахлагч А.Ганбаатараас ярилцлага авчээ. Ярилцлагыг Хятадын Төв радио телевизийн Ази, Африкийн газрын Монгол хэлний редакцийн сурвалжлагч Б.Занданхүү авсан байна.
- Сайн байна уу? Монголын хэдэн тамирчин энэ наадамд оролцож байна вэ?
- Азийн спортын 19 дэх удаагийн наадам Ханжөү хотноо болж байна. Миний бие Монголын Үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Энэ удаа 500 гаруй тамирчдын бүрэлдэхүүний ахлагчаар ажиллаж байна. Үүнээс 403 нь тамирчин бол дасгалжуулагч, албаны хүмүүс нь 129. Өмнөх Азийн наадмуудтай харьцуулахад манай улс түүхэндээ анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг багийн спортын эрэгтэй, эмэгтэй тамирчдаас гадна манайхан шинээр крикетийн төрөлд хүч сорих гэж байна. Нэг талаар газар зүйн байрлалын хувьд ойрхон, зардал мөнгө ч боломжтой байгаа учраас бид аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулахаар бэлдсэн.
- Монгол тамирчдаасаа спортын аль төрөлд амжилт хүлээж байна вэ?
- Мэдээжийн хэрэг бүх тамирчид өөрсдийн амжилтыг ахиулахын төлөө энэ наадмыг зорьж ирсэн. Тийм учраас би бүгдэд нь амжилт хүсэж байна. Манай тамирчид 34 спортын төрөлд хүчээ сорино. Багийн ахлагч тус бүр нэг шат ахих, боломж нь байвал бодсоноос илүүг хийх зорилттой байгаа. Уламжлалын дагуу жүдо, чөлөөт бөх болон буудлага, боксын спортын төрлүүдэд медалийн байтай байх болов уу гэж харж байна.
- Манай улс багийн спортын төрлөөр сүүлийн үед Азидаа багагүй амжилт гаргах болсон. Энэ тамирчдын тухайд яривал?
- Тийм ээ. Ялангуяа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр амжилт илүү байна. Эрэгтэй тамирчид маань гэхэд сүүлд Азид аваргалсан. Тиймээс ч бид эрэгтэй, эмэгтэй аль аль багтаа найдвар тавьж байгаа. Бүгд хүчтэй өрсөлдөгчид. Тэр ч утгаараа нээлтийн ёслолд багийн спортын хоёр тамирчныг сонгож Монголын тугаа бариулахаар болсон. Энэ нь залуучуудаа шинэ тутам төрлөөр амжилт гаргаасай гэж бэлгэдсэн хэрэг юм. Нэг нь хөлбөмбөгийн тамирчин, нөгөөх нь сагсан бөмбөгийн 3х3-ийн эмэгтэй багийн тамирчин.
- Та Ханжөүд анх удаа ирж байна уу. Энэ удаагийн Азийн наадмын тамирчдын хотхонд хөл тавиад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Өнгөрсөн гуравдугаар сард Ханжөү хотноо багийн дарга нарын хурал болоход албаны хүмүүстэй хамт ирж оролцсон. Тэгэхэд одоо болох гэж буй наадмын бүх зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэр үетэй харьцуулахад яг л хэлснээрээ, бүх зүйлийг жин тан хийсэн байна. Энэ хот ч эртний түүх, соёлтой мөртлөө орчин үеийн хот байгуулалт, техник технологио үсрэнгүй хөгжүүлсэн газар юм. Ханжөүгийн наадмын зохион байгуулах хорооны нөхөдтэй уулзахад тэд тамирчдын ая тух, аюулгүй байдал, сэтгэл санааг өндөр төвшинд байлгах, албаны болон хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах боломжийг дээд зэргээр хангахыг чухалчлаад зогсохгүй бусад бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн гэж байна. Энэ нь ч тов тодорхой харагдаж байна лээ. Суугуул хотын иргэд ч спортод их дуртай, найрсаг хүмүүс юм. Хотхоноос гадуур явж үзэхэд энэ наадмын талаар хааяагүй ярьж байгааг харж болно. Хоолны, үзвэр үйлчилгээний газрын хүмүүс бидэнд маш их найрсаг сайхан хандаж байна. Хятад орон хэзээнээсээ хоолны маш өргөн дэлгэр соёлтой газар. Ханжөү хот ч сайхан хоолтой газар юм байна. Албан ажлаар ирж байгаа боловч тухайн орныхоо баялаг соёлтой танилцах боломж гарсанд баяртай байна.
- Ярилцсанд баярлалаа
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.