images

Аравдугаар Богдын өлмий бататгах залбирал

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-08-31


Аравдугаар Богд Жавзандамба хутагт багшид шавь орж номын авшиг хүртсэнд зориулан X Богдын өлмий бататгах ерөөлийг лхаарамба Д.Жавзандоржийн орчуулгаар уншигчид хийгээд сүсэгтэн олонд толилуулж байна.

"Аршийн бүтээл яруу аялгуу" хэмээх өлмийг бататгах ерөөлийн үг оршвой

Адилгүй айлдан дээдийг заагч Нарны садан

Арван долоон бандида зөөлөн итгэлт Зонхов

Алдарт ялгуусны эрхэм Содномжамц тэргүүтэй

Авралын орон дээдсүүд сайн буяныг хайрла.

 

Тасралт үгүй энэрэл нигүүлслийн цагийн үүл

Үхэх үгүйн рашааны цог болж хуралдсанаас

Тоолоод баршгүй орны насны бурхадын чуулган

Үргэлжид бат оршихуйн шид бүтээлийг өдгөө хайрла.

 

Амьтны өмөг түшиг Нарны садангийн шашныг

Арвидуулан баригч ижилгүй, зүйрлэл бүхнээс хагацсан

Агуу болгоолын Зөөлөн цогт нэн цэнгэгч дээдэс

Адист номын эрх баялагтийн өлмийд соёрхол талбия.

 

Тэвчил онол нь тэгш чанарт нэг боловч

Таалал үүсгэн зохиосноор өөриймчлөн болгоосон

Дээдсийн ерөөлт умард зүгийн Их Монгол оронд

Дөрвөн аймгийн цогийн эзэнд өлмий батжин соёрх.

 

Таван цөвүүний түнэр харанхуй ихэд бүрхсэн

Тоолшгүй ертөнц хийгээд ялангуяа Монгол оронд

Адилтгах үгүйн үйлс ерөөл цагтаа боловсорч

Амьтныг амраан зохиогчид өлмий батжин соёpx.

 

Хязгааргүй зарлиг бүхэнд үргэлж болон бишрэхийн

Хичээлээр сонсох, санах, бясалгахыг эцэст нь хүргээд

Ханьцах үгүйн номлох, хэлцэх, туурвих зохиолт

Хосгүй хувилгаан шашны цогд өлмий батжин соёрх.

 

Асар ариун шагшаабадын хир үгүй газарт

Амарлин орших үлэмжийн ногоог нэн дэлгэрүүлж

Гурван суртгаал хутагтын долоон эдийн гууг баригч

Гэтлэхүйн их сартваахид өлмий батжин соёрх.

 

Гадаад эрдэм бие, хэлний гэмийг боомтолсон шагшаабад

Дотоод эрдэм амарлингуйн хязгаарыг тэвчсэн бодь сэтгэл

Гайхамшигт нууцын эрдэм хоёр зэргийн егүзэрт оршсон

Дээд чадагчийн огоот шашны цогд өлмий батжин соёрх.

 

Мэргэнээр тойныг эс орхисон Нагаржунай дээдэс

Манамсарт тойн байснаар мэргэнд мунхраагүй Убали

Мэргэн тойн, сайн эрдэмт ялгуусан Зонхов бодитой

Мэргэд бүхний хураангуй чандманьд өлмий батжин соёрх.

 

Нэн огоот гүйцэт шашны жолоог удирдан

Нягт гүн зарлиг таван төрөлтийн номын дунг

Номхотгох хувьтайд сонсгон сансар нирвааны эмийг

Номлогч номын эрхэтэд өлмий батжин соёрх.

 

Басхүү гадаад, дотоод бусад гуравт цагийн хүрдний

Боловсруулан гэтэлгэх гүн мөр зургаан найруулгын хөтөлбөрийг

Бодитоор тэтгэхэд мэргэн бүтээлийн дамжлагат Жононгийн

Бишрэлт шашны их эзэнд өлмий батжин соёрх.

 

Ахуй ашдад бусдын тус ямагтад шамдсанаар

Алиныг зохиохдоо мутартаа лянхуатын таалал бүхнийг

Анхааран огторгуй хэдий хугацаанд оршихыг хүртэл

Алгасралгүй бүтээгч их бодьсадвад өлмий батжин соёрх.

 

Хүсэлт орны эрхэт баялагт Лхам сахиус бээр

Хамаг шашин амьтан ялангуяа Монгол орны

Асар их цөвүүн цагийн доройтол үүнийг болгоон

Агуу дөрвөн үйлсийг агшинд ч бүү алгасруул.

 

Чухаг дээд гурав, ялгуусан далайн адистэд хийгээд

Чадагчийн шашныг сахигч Лхам сахиусны үйлсээр

Тэр мэт ерөөсөн хэрэг бүхэн нь хоцрол үгүйгээр

Төрөх зэтгэргүй амьтны цог болон бүтэх болтугай.

Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийдийн ажлын алба 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.