Баянхонгор: Монголын хамгийн том алтны уурхай 2025 онд ашиглалтанд орно
Чихэнд чимэгтэй
2023-08-18
Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ ресурс” уул уурхайн компани Баянхонгор аймгийн нутаг дахь Баян хөндийн төслийнхөө шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийн үр дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Баян хөндийн ордын олборлох үйлдвэрийн үйл ажиллагаа 2025 онд эхлэх бөгөөд тайланд дурдсанаар жил бүр 74,200 унци буюу ойролцоогоор 2.1 тонн алт олборлох ажээ. Нэг унци алт үйлдвэрлэх өртөг нь 869 ам.доллар аж. Шинэчлэгдсэн ТЭЗҮ-гээр төслийн өнөөгийн үнэ цэн, бусад үзүүлэлтүүд ихээхэн сайжирсан бөгөөд ордын геологийн баттай нөөцийг 19,1 тонн алт, 9 тонн мөнгө хэмээн тооцоолжээ. Энэ нь Баян хөндий төслийн талбайд багтдаг Хар морин дэл ордын анхан шатны нөөцийг шинээр оруулан тооцсон хэрэг юм. 2020 оны ТЭЗҮ-гээр уг төслийн алтны баттай нөөцийг 13.4 тонн хэмээн үзэж байв. Төсөл хэрэгжих найман жилийн хугацаанд татвар, бусад хураамжийн өмнөх нийт ашиг нь алтны өнөөгийн ханшаар тооцвол 495 сая ам.доллар болно хэмээн үзсэн байна. Мөн хугацаанд компани бүх төрлийн татвар, хураамжид нийт 143 сая ам.доллар тѳлөхөөс гадна Баянхонгор аймагт 500 гаруй ажлын байр шинээр бий болох аж. ТЭЗҮ-г танилцуулах үед “Эрдэнэ Ресурс”-ийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ “Баянхөндий төсөл ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой алтны уурхайн нэг болохоос гадна Монгол улсын хамгийн том алт олборлогч болно” гэсэн байна.
2025 онд эхлэх энэ төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 100 шахам сая ам.доллар шаардлагатай бөгөөд үүний 40 саяыг “М-Си-Эс Групп”-ийн хөрөнгө оруулалттай “Монголиан Майнинг Корпорэйшн” компани санхүүжүүлэх ажээ. Уг хоёр компани өнгөрсөн сард стратегийн түншлэл байгуулж “Эрдэнэ Монгол” хамтарсан компанийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлснээр “Эрдэнэ ресурс”-ын алт, алт-полиметаллын нийт дөрвөн ордыг 50:50 буюу хувь тэнцүү эзэмших болсон юм.
“Эрдэнэ ресурс” нь Баянхонгор аймгийн нутагт 218 сая молбидений боломжит нөөц бүхий Зуун мод ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг дангаараа эзэмшдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.