images

Монгол улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын талаар гадаадын хэвлэлд юу гэж өгүүлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


   Монгол улсын ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын талаар Өмнөд Солонгосын “Yonhap News” агентлагийн  мэдээлснийг хүргэж байна. Монгол улс Хятад, Орос хоёр аварга хөршийн нөлөөнөөс дипломат аргаар гарч эдийн засгаа төрөлжүүлэхийг хичээж байна хэмээн “Washington Post” сонины мэдээлснийг тус агентлаг юуны түрүүнд эш татжээ. Монгол бол хойд талаараа Орос, урд талаараа Хятадтай хиллэдэг, далайд гарцгүй орон бөгөөд хоёр хөрштэйгөө нягт харилцаатай явж ирсэн юм. Улмаар цахилгаан эрчим хүч зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээ хоёр хөршөөсөө импортолдог. Цаашлаад Монгол улс Хятадаар дамжин өнгөрөх зам, боомтыг ашиглан дэд бүтцээ хөгжүүлэхийг чармайж байна. Тус улс нь ЗХУ задран унаснаас хойш ардчиллыг өөрийнхөөрөө хөгжүүлж ирсэн ч хөрш орнуудтайгаа найрсаг харилцаагаа хадгалсаар байгаа юм. Мөн нөгөө талаар Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг Барууны орнуудтай харилцаагаа тогтвортой өргөжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх оролдлогыг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн тухай мөн тус сонин мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилж дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен, Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин нартай уулзлаа. Ерөнхий сайд энэхүү айлчлалаараа алт, зэс зэрэг ашигт малтмалтай холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Үүнээс өмнө буюу зургаадугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Хосе Фернандес Монгол улсад айлчилж ашигт малтмалын нийлүүлэлтийн гол сүлжээг хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Солонгос, АНУ, Монгол улс оролцдог “Гол ашигт малтмалын гурван талт зөвлөл”-ийг байгуулсан билээ. Улмаар ерөнхий сайд энэ удаагийн айлчлалын үеэр “Монгол улс гуравдагч хөршийн бодлогоо хөгжүүлж байгаа бөгөөд дипломат харилцаагаа тэнцвэртэй байлгахыг чухалчилдаг” гэлээ. Үүний зэрэгцээ Монгол улсын хамгийн чухал гуравдагч хөршийн нэг бол АНУ гэдгийг онцолсон юм. Ж.Фернандес Монгол улсад айлчлах үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Ши Жиньпин даргатай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж байв. Энэ бол тус улс янз бүрийн улс орнуудтай харилцаагаа нарийн зохицуулж байгаагийн нэг жишээ юм. Тус улс гуравдагч хөршийн харилцаагаа хөгжүүлж, төрөлжүүлэх гол багана нь зэс, уран, газрын ховор элемент зэрэг арвин их байгалийн баялаг юм. Говь дахь Оюутолгойн уурхай нь дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудтай. Мөн Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч, импортлогчдыг татахын тулд эхлээд авлигатай тэмцэх зэрэг улс төрийн орчныг өөрчлөх ёстой гэсэн зарчим баримталж байна. Үүний тулд авлигатай тэмцэх өргөн хүрээтэй арга хэмжээ авч, сонгуулийн тогтолцоотой холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч бас хийж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол улс зүгээр нэг уул уурхайн орон байж болохгүй. Бид далайд гарцгүй боловч бидний оюун санаа нээлттэй. Бидэнд бусад салбарт ч гэсэн асар их нөөц бий" хэмээн дэлхийн олон орнуудтай харилцаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: YONHAP NEWS агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.