Театрын Оюун
Чихэнд чимэгтэй
2023-08-02
БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Эрдэнэбатын Оюуны одоогоос гуч шахам жилийн өмнө “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна. Энэ ярилцлагыг хожмын Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч, сэтгүүлч Санжаажавын Оюун авчээ. Сэтгүүлчийн өнөөдөр дурсаж буйг үзвэл, ярилцлага өгөх үедээ Э.Оюун бээр 76 настай байжээ. Ярилцлагыг сэтгүүлч С.Оюуны зөвшөөрсний дагуу нийтэлж байна.
-Оюун гуай та эцгийнхээ тухай ярихгүй юу?
-Манай аав ном их уншдаг байсан хүн. Маш их номтой байсан нь бүгд алга болчихсон. Эрдэнэбат гэсэн тамгатай хэдэн ном улсын номын санд өгсөн юмсан. Аавыгаа дагаж би ЗХУ-д орос сургуульд сурч байснаа гэрээ санаад эргээд ирсэн юм. Тэгэхэд л аав минь баривчлагдаад, цөлөгдөж нас барсан. Эцэг чинь Хиагтад байна гэнэ, хааяа Алтанбулагт ирдэг гэж зарим хүмүүс хэлдэг л байсан, худлаа байсан байх. Яагаад тийм яриа гарсан юм бүү мэд.
-Ээжийнхээ тухайд...
-Миний ээж Цэцгээ Автономитын үед банканд данс хөтлөгч байсан. Хувьсгалын дараа хоршоодын холбоонд мөн л тэр ажлаа хийж байв. Манайх олуулаа болохоор аавын цалин хүрдэггүй байсан биз. Ээж минь дандаа ажил хийж байлаа. Миний хүүхдүүдийг өсгөсөн. Би ч ажлаас өөр юм мэддэггүй “хэнхэг”, “ааштай” амьтан явлаа шүү дээ.
-Та тэр үеийн боловсролтой сэхээтний гэр бүлд төржээ. Танайд ямар хүмүүс цугладаг байв. Бодвол хүрээний соёлтой эрдэмтэй улс очдог байсан биз. Тэд юуны тухай хуучилж, цаг үеэ юу гэж ярьдаг байсан бол?
-Манайх Арслантай гүүрний наана хашаа байшинтай байлаа. Дөрвөн өрөөтэй, хүрэн дүнзэн сайхан байшин. Буриад хүн барьсан юм. Хэн хэн ирж байсныг одоо мартжээ. Санагдахаас Цэвээний Жамсран гуай нэлээд орж гардаг байсан. Лувсан хуурч их ирнэ. Хуурдаж шүлгээ хэлдэг, аав үгийг нь бичиж тэмдэглэж авдаг байсан. Тэр үед би жаахан байж. Хүүхэд том хүний яриа чагнаж болдоггүй байсан болохоор миний санах юм юу байх вэ. Манай хажууд Норов хатных. Төв хорооны Жадамбаагийнх байсан. Норов хатан гэж таяг тулсан бүдүүн авгай вандан сандал дээр л сууж байдагсан. Охин нь байсан уу, зарц нь уу бор хүүхэн үргэлж дагаж явна. Жадамба гуайн эхнэр нь Гончигдулам, хүүхэд нь Намсрай. Би тэднийг сайн санахын учир нь 1936 онд аавтайгаа цуг ЗХУ-д очиход тэднийх бас тэнд байсан юм. Жадамбаа гуай худалдааны төлөөлөгч байсан болов уу, тэр үед элчин сайд Ж.Самбуу гуай байлаа.
-Таны насанд энэ сэдвийг хөндөх эвгүй байж болно. Тэгвэл уучлаарай. Таны хоёр хүүхдийн эцэг ямар хүн байсныг сонирхож болох уу?
-Пүрвээ гэж цэргийн дарга хүн. 1950 онд машины ослоор нас барсан юм. Хүү Зоригт цахилгааны инженер, охин Гүндэгмаа хөгжмийн багшаар ажилладаг. Би чинь эхээс тавуул. Хоёр эмэгтэй дүү маань бурхан болчихлоо. Энэ чавганц (өөрийгөө хэлж байна. Зох.) хэзээ явах юм. Хараад байхад миний үеийнхнээс эмгэчүүл л үлдэх юм. Эрэгтэй нь ховор шүү.
-Та хоёр яаж танилцсан юм бэ?
-За байз яадаг билээ тэр чинь. Ёстой мундаг сайн хүн байсан даа. Аа ингэсэн. Би Улаан-Үдэд Рабфакт очихдоо арван зургаатай байлаа. Ачааны машинтай очсон. Бүх хүүхэд буугаад явтал би ачаандаа түүртэн машин дээрээ үлдлээ. Тэгсэн нэг жаал ирээд “Чи буухгүй юм уу. Би чамайг буулгаад өгье” гэв. Тэгээд намайг дагуулж гуанзанд оруулаад “Энд талх өгдөг юм. Өгөхгүй бол нэхээд авдаг юм шүү” гэж зааж өглөө. Тэгээд “Би эндхийн биеийн тамирын секцийг хариуцдаг. Цас орж хүйтрэхээр чи надаас цана, тэшүүр авч гулгаж сур” гэж анх танилцахдаа нэрээ Пүрвээ хэлж билээ. Бэлтгэл ангид ороод байтал багш маань “Оюун номоо бариад гараад ир” гэв. Анги дэвшүүлдэг юм байна. Ингэсээр нэг жилд гурван анги дэвшээд сургуулиа төгсгөчихлөө. Орос сургууль төгссөн болоод л тэр байх. Тэгсэн чинь Пүрвээ бас сургуулиа дүүргээд ирэв. Очих айлгүй гэдгээ хэлтэл тэр шууд л “Чи манайд оч” гэлээ. Би түүнд талтай байсан хэрэг. Ээждээ “Манайд хэд хоноод Өмнөговь явах юм. Таних айлгүй” гэж хэллээ.
Пүрвээ их ажилсаг. Гэр, хашааны хог цэвэрлэнэ. Аяга таваг угаана. “Хоол хийх үү?” гэнэ. Өмнөговь явахад нь ээж мөнгөн эмээл хазаараа өгөөд явуулсан. Пүрвээ тэнд сар болоод буцаж ирсэн. Тэгээд бид хоёр гэр бүл боллоо. Сургуульд багшилж байгаад цэрэгт явж Цэргийн яаманд ажиллахаар үлдсэн юм. Би муухай ааштай. Бас сэтгэл хөндийрч эхэлсэн байсан. Яг тэр үед Пүрвээ минь машины осолд орсон юм. Шөнө театр дээр сурууль хийж байтал Цэргийн госпиталиас утасдаж, “Хурандаа машинд дайруулчихлаа. Гэхдээ та санаа зоволтгүй хүрээд ир” гэв. Очсон чинь ухаангүй. Сэргэхгүй байсаар нас барсан. Хүн хүнийг амьд байхад нь хайрлаж чаддаггүй юм билээ.
-Хүрээний хүүхнүүд тэр үед ямар эрчүүдийг үнэлдэг байсан бол?
-Германд суралцаж байгаад ирсэн хүмүүс Хүрээний хүүхнүүдийн анхаарлыг татдаг байлаа. Төмөрийн Нацагдорж, Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, багш Баваасан, Гомбо гээд л... цөм сайхан улс. Би бага байгаад айгаад харж ч чадахгүй байлаа л даа. Тэд театрт ирж биллиард тоглодог, манай жүжигчин Сосорбарам эмэгтэй хүн хэрнээ тэдэнтэй муугүй тоглодог байсан.
-Тэр үеийн гангачуулын гоёл ямар байв?
-Дөрвөн талтай булган малгай, хул, улаан хүрэн өнгийн торгон дээл их өмсөнө. Шөвгөр хошуутай савхин гуталд дурлана. Дараа нь бүрх, сүүлд нь дугуй малгай моодонд орсон. Эр эмгүй үсээ тайрцгаахад би ч бас тогжийлгоод авсан. Уг нь би хонгор шар өнгөтэй гайгүй гэзэгтэй байсан юм.
-Таныг бүр залуудаа театрт очсон гэдэг?
-Манай гэр бүлийнхэн хөгжим, урлаг их сонирхоно. Надад шанз авч өгдөг байсан болохоор би хөгжим заалгах гэж Ишдулам багш дээрээ очдог байлаа. Тэр үед театрын мэргэжилтнээр В.А.Борейшо багш ирж, намайг хэлмэрчээр театрт авсан юм. Борейшо багш надад мөн ч их юм сургасан. Манай театрынхныг жүжигчин болгож, уран чадвар эзэмшүүлсэн хүн чинь тэр орос мэргэжилтэн шүү дээ. Зохиолч Д.Намдаг найруулагч, М.Ядамсүрэн дарга нь байв. Надад монгол зохиол орос руу хөрвүүлэх даалгавар өгнө. Би яаж чадаж байсан юм бүү мэд. Орос найруулагч дэргэд суугаад үг бүрийг лавлана. Ямар тэвчээртэй мэргэжилтэн байсан юм. Дараа нь түүний найруулж зассаныг монгол болгоно. Түүнийг нь Намдаг бас засна. Ингээд л жүжиг тавиад байлаа.
Дашдоржийн Нацагдоржтой би олон уулзаагүй юм шүү дээ. Нэг удаа Намдаг “Чи яваад Богдын цагаан ордны дэргэдэх Хий судлалын эмнэлэгт хэвтэж байгаа Нацагдоржоос зохиол аваад ир гэлээ. Эмнэлгийн том хаалгаар яваад ортол Нацагдорж гадаа нь нарлаж байна. Цайвар цагаан царайтай хүн байсан. “Би дуусаагүй байна. Маргааш ирэх арга байна уу?” гэлээ. Маргааш нь очоод авчирвал “Ээ яасан сайн юм. Хөөе жүжигчид ирээрэй” гээд л Намдаг найруулагч хашгирч байсан. Энэ бол “Учиртай гурван толгой” жүжгийн зохиол. Тэр үед Нацагдорж архинаас гаргах эмчилгээ хийлгэж байсан байх. Хандсүрэн, Ичинхорлоо хоёр Нансалмаагийн дүрд ээлжилж тоглодог байв. Хоролмаад Дэвээ гэдэг жүжигчин тоглоно. Дэвээ маршал Чойбалсантай нэг сар амьдарсан юм гэнэ лээ.
-Чойбалсан гуай жүжиг үзэх үү?
-Их үзнэ. “Шарай голын гурван хаан”, “Цогтын идэр нас” (Чойбалсангийн бага насны тухай жүжиг) бусад жүжиг үзэж байсныг би санаж байна. Тайзны ард очоод “За нөхдүүд сайхан тоглож байна” гээд жүжигчид, зураачдад саналаа хэлдэг байсан. Театрт маань Ичинхорлоо, Сосорбарам гээд сайхан хүүхнүүдтэй болохоор жүжиг тарахад харчууд бөөн бөөнөөрөө дагаж харж явдагсан.
-Таныг ч гэсэн хардаг, сонирхдог байсан байх даа?
-Үгүй дээ, би жүжиг гээд шөнө дөл болгоно. Олон хүн удирдаж байгаа хүн өөрөө хэл аманд орж болохгүй. Тэгээд ч би хүн их загнана. Ямар сайндаа манайхан намайг “Өнөө жандарм ирлээ” гэж байхав дээ. Тийм хүнийг хэн харах вэ.
-Элит гэдэг ойлголтыг та юу гэж үздэг вэ?
-Соёлт зиндааныхан гэж байгаа юм уу даа. Гэхдээ энэ арай л дэндүү өргөмжилсөн ч байж мэднэ. Манай малчид ч соёлтой өвөрмөц элит шүү дээ. Харин Европын болон бусад орны соёлын тухай мэдлэг дутуу байж мэднэ.
-Жүжгийн зохиолчид найруулагчдаас хэнийг хүндэлдэг вэ? Таны уран бүтээлд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
-Л.Ванган. А.Луначарскийн урлагийн дээд сургууль төгсөж ирээд их зүйл хийсэн хүн. Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Б.Дашдаваа, А.Очирбат нар түүний гарын шавь нар. Ч.Айтматов, А.Вампилов нарын бүтээлийг манай театр монголчуудын сэтгэлд тохирно гэж үзээд орчуулж тавьж байсан. Б.Мөнхдорж найруулагч сонгодог бүтээлийг манай үзэгчдэд нээсэн хүн дээ.
-Авьяастай зарим жүжигчид мэргэжлээ орхиж наймаа хийж байгааг та юу гэж үздэг вэ?
-Яагаад наймаа хийж болохгүй гэж. Наймаа хийг л дээ. Амьдрал үзэж, мэдэрч улам л хүн болно биз. Уран бүтээлч юу хийлээ ч, үзлээ ч наанаа бодолтой жүжигчин гэдгээ мартахгүй явах ёстой.
-Та бүх амьдралаа Монголын театрт зориулсан хүн. Одоо театрын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед театрт янз бүрийн л жүжиг тавилаа. Харин үзэгчдийн сэтгэлд үлдэх бүтээл ховор байна. Найруулагчид маань зохиол, жүжигчин хоёроо сонгож чадаагүйгээс тэр болов уу. Ер нь тэгээд бид цөм даанч бага мэдэх юм даа. Д.Мягмар, Д.Батбаяр хоёрыг жүжиг бичиж өгч байхад театрт мундаг байлаа. Бас авьяаслаг хоёр найруулагч бурхан болчихлоо доо.
-Манай Соёлын яам таны бодлоор ямаршуухан ажиллаж байна?
-Ээ дээ тун тааруухан. Тэр сайхан сэхээтэн залуу Н.Энхбаярт юм хэлээд өгөх мэргэжлийн мэдлэгтэй хүн хажууд нь алга байна шүү дээ. Н.Энхбаяр уг нь англи хэлтэй, боловсролтой залуу. Даанч багаа бүрдүүлж чадсангүй.
-Мэргэжлийн байгууллага, Монголын урлагийн ажилтны холбооны тухайд?
-Ялгаагүй шив дээ. Зангад суугаад л байна. Энэ хоёр байгууллага харилцан тохироод ажлынхаа чиглэл, арга зүйг зоригтой өөрчилж болно. Театр хол явмаар байна. Бас холын холоос театрын урлагийг “хулгайлмаар” байна. Гэтэл энүүхэнд эргэлдээд байх юм. (Оюун гуай хулгай хий. Сайн хулгай хий гэж хэлэх дуртай. Тэр нь сайн хүнээс сайхан чанарыг нь, эрдэмтэй хүнээс эрдэм сурсан аргыг нь, авьяастай хүнээс авьяас чадварыг нь сурч ав гэсэн утгатай юм. Зох.)
-Эсэргүүний дүрд тоглож байсан манай нэг жүжигчнийг Дотоод яам баривчилсан гэдэг. Энэ үнэн явдал уу, зохиомол яриа юу?
-Ямар юмны нь зохиомол яриа байх вэ. Театр Д.Намдагийн “Монголын талд” жүжгийг сургуулилж байлаа. Эсэргүүний дүрд тоглож байсан жүжигчнийг муухай орилж хашгир гэж Борейшо найруулагч шаардаад орилж хашгирахаар нь “Вот вот” гээд л. Гэтэл түүнийг харж байсан ДЯЯ-ны төлөөлөгч “Энэ өөрөө эсэргүү болоод ингэж орилж чадаж байна” гээд найман жилээр шоронд хийчихсэн. Тэр жүжигчин шоронгоос гарсныхаа дараа театр гэж ярихаа байсан. Тийм л цаг даа. Жишээлэхэд театрын МХЗЭ-ийн гишүүдэд Шар ордныг нураа гэж үүрэг өглөө. Эвлэлийн гишүүд албан хүчээр бурхан тахилыг нь эвдэж сүйтгэж байлаа. Харин тэр үеийн сайхан сэхээтнүүд чинь ёстой элит байсан юм. Намтартаа ядуу малчин гаралтай гэж бичдэг байсан цаг саяхан. Гучаад онд Монголын язгууртан, их номтой лам нар цөм үгүй болчихоогүй шүү. Тэр хэцүү цагийн өнгийг дагалгүй Д.Нацагдорж “Учиртай гурван толгой”, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн нар “Говийн хүүхэн Гүндэгмаа”, “Харанхуй засаг” жүжгээ тоглуулсан байгаа юм. Авьяастнууд цаг үед захирагддаггүй. Дэлхийн сод хүмүүс О.Бальзак, М.Лермонтов, А.Грибоедов, В.Мэйерхольд нарын үлдээсэн өвийг хар л даа. Сод авьяас амьдралтай зохицдог байх ёстой.
-С.Удвал гуай та хоёр яаж танилцсан бэ?
-Зохиолчдын анхдугаар хурал Ленин клубт боллоо. Д.Сэнгээ дарга байв. Хурлын завсарлагаар гадаа зогсож байтал Сэнгээ дарга ирээд “Удвал та хоёр танилц” гэв. Тэгж л танилцсан юм. Удвал Зохиолчдын хорооны дарга байхдаа “Хүрээд ир, ярья” л гэх. Бид хоёр нэг нэгэндээ сайн байсан. Гэхдээ гэр орноороо орж гарч үерхэж яваагүй.
-Таныг Төрийн шагнал авч байхад шагналын мөнгө нь их байсан уу?
-Тэр үед Чойбалсангийн шагнал гэдэг байсан. Надад Чойбалсан гуай өөрөө шагналаа гардуулсан. Банкны бичиг хамт өгсөн юмдаг. 15 мянган төгрөг гэдэг чинь тэр үед их мөнгө байв. Найман мянгаар нь театрынхнаа дайлаад бас ах дүүдээ тараалаа. Би өөрийгөө гоёогүй. Ер нь гоёлд сонирхолгүй шүү. Цэвэрхэн л бол болоо гэж боддог хүн.
-Одоо амьдрал ямар байна даа?
-Ер нь хэцүүдэх нь бололтой. Өнөө тэтгэврийн мөнгө чинь нэг хонины маханд хүрдэггүй. Би 5900 төгрөгийн тэтгэвэр авдаг. Байрны хөлс 5300. Хүүгээ гутал авч өг гээд л байгаа. Одоо тэгээд хэцүү гээд яахав. Ямар би ганцаараа дутаж яваа биш.
Ярилцсан С.Оюун, Х.Жамбалжамц. “Ардын эрх” сонин. 1994.03.18 №20
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.