Баянчандманийн саарал морины баахан адал явдал


     Төв аймгийн Баянчандмань сумын дэлгүүр хоршоогоор саадгүй орж гардаг нэгэн саарал морь сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк орчинд ихэд алдаршив. Дөрвөн жилийн өмнө хээрээс олдсон өнчин унагыг сумын сургуульд ажилладаг А.Ганхуяг хэмээх залуу тэжээж мал хийсэн нь өнөөдөр ийм болжээ. Манай сурвалжлах баг тус суманд ажиллаж, уг нэр нь Унагалдай хэмээх энэ цадиггүй адууны үүх түүхийг тодруулсан юм.

     А.Ганхуяг нь Баянчандманийн уугуул хүү. Цөөн тооны адуу, малтай. Одоогоор сумынхаа сургуульд ажиллаж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ганхуягийн хадам ахын дүү хээр зам дээрээс, эхээсээ төөрч ижлээсээ хоцорсон нялх саарал унага олжээ. Монгол хүн юм хойно тэр нялх амьтныг, тэр дундаа адууны хүүг орхиод явж чадсангүй, машиндаа хийгээд давхиж. Ингээд нялх унагаа Баянчандмань суманд суугаа ахдаа аваачиж өгөөд явж оджээ. Гэнэтийн зочноо А.Ганхуягийнхан чихэртэй ус, сүү зэргээр угжсаар байгаад мал болгоод Унагалдай гэдэг нэр өгчээ. Улмаар өвс ногоонд оронгуут нь, угжихын хажуугаар өвс тэжээлээр тэжээсээр онд оруулсан байна. Ингээд Унагалдай маань тэдэнд ижилдэн дасаж тэдний гэр бүлийн гишүүн болжээ.

     Хээрээс олдсон адуу сүүлдээ эрх нь дэндээд гэрт орж ирж тухлах, гадагш явахад машинд орж суугаад хамт явах, машинд суулгалгүй орхиод хөдлөхөд дагаж явах зэргээр тэднээс салахын аргагүй ижилдэн дассан байна. Унаган насандаа нэг удаа нэлээд хүнд ханиад хүрэхэд нь гэрийн эзэн байдгаараа асарч тойлон, малын эмчид үзүүлж эм тариагаар тордсоор эрүүл болгож авчээ. Нас бие нь томрох тусам хөл хөдөлгөөн нь нэмэгдэж, дааган наснаасаа эхлэн гадуур сэлгүүцэж “дэмий тэнэдэг” болов. Сумын төвийн үйлчилгээний газрууд, дэлгүүр, гуанзаар дураар явж  хүмүүсийн өгснийг ийм тийм гэж гололгүй жамирдаг болсон байна. Хүмүүс өхөөрдөөд чихэр жимс, боов боорцог, манжин, лууван гээд юу байгаагаа өгнө. Замын хүмүүс ч зүгээр байхгүй аманд нь юм хийнэ. Хүний өгсөнд ханахгүй, машины цонхоор толгойгоо оруулж ирэн юм нэхэж сандаргана. Ийн явсаар Унагалдай нэртэй бяцхан хүлэг маань сум орон даяараа олны танил болж Саарал нэрийг олжээ. “Хүн бүхэн өхөөрдөж дайлж цайлсаар байгаад бүр тамтаггүй эрх амьтан болголоо” хэмээн А.Ганхуяг хүүрнэж байна.

     Эрх нь дэндсэн энэ амьтан сүүлдээ эзнийхээ чихийг халууцуулж эхэлжээ. “Хуягаа, энэ Сааралаа аваач. Дэлгүүрийн хаалга таглаж зогсчихоод хүн оруулж гаргахгүй байна!”, “Хуягаа, Саарал чинь айлын антенн шөргөөгөөд унагачихаж, аваач ээ!”, “Хуягаа, Саарал чинь дэлгүүрт орж ирчихээд гарахгүй байна, яах вэ?” гэх зэргээр утасдаж, зарим нь зургийг нь цахим орчинд нийтэлснээр бүр олны танил болж эхлэх нь тэр. Ингээд Сааралын эзэн Ганхуяг руу энд тэндээс хүмүүс утасдаж эхэлжээ. Өчигдөрхөн гэхэд л хаа байсан Өмнөговь аймгаас нэг хүн утасдаж “Саарал үрээгээ зарчих. Хэд хоногоос би хот орно. Тэгэхдээ яваад очъё” гэсэн гэнэ. “Халуун ам бүл болтлоо ижилдэн дассан энэ амьтныг яаж зарж үрэх билээ. Зарна ч гэж байхгүй шүү” хэмээн А.Ганхуяг ярьж сууна. Цахим орчинд түгсэн Сааралын тухай мэдээллийг олж үзээд бид ч бас түүнийг олж уулзахаар Баянчандмань сумыг зорив. Сумын төв дунд, замын хажууд байрлах “Завхан гол” нэртэй хүнсний дэлгүүрт Саарал орж гардаг гэсэн мэдээ сонссон байсан тул тус дэлгүүрийг зорьж очвол дэлгүүрийн эзэн бүсгүй Гантуяа “Саарал дөнгөж сая манай үүдээр нэг шагайгаад явж одсон. Энэ хавиар л  байгаа” гэв ээ. Тэгээд “Мөн ч эрх дураараа амьтан даа. Шууд л яваад ороод ирнэ шүү дээ. Манай ээж боорцог, луувангаар дайлдаг юм” гэлээ. Гараад харвал Сааралын бараа сураг байдаггүй. Ийш тийш хэдэнтээ хараачлаад тусыг эс олов. Яахаа мэдэхгүй зогсож байтал дугуйтай хоёр жаал урдуур давхиад өнгөрөхөд нь дуудаж зогсоогоод учир байдлаа хэлж Сааралыг мэддэг эсэхийг асуувал “Аан тэр чинь манай ахын морь байгаа юм. Жинхэнэ нэр нь Унагалдай л даа” гэх нь тэр. Сааралын эзэн Ганхуягийн зээ дүү аж. Бид зөв хүнээ олж уулзжээ. Өөрийгөө Баттүшиг гэж танилцуулсан хэвлүүхэн жаал бидэнд тусалж Сааралыг олж өгөхөөр болоод хамт эрэлд гарлаа. Сумын төвийг хоёронтаа сүлжиж самналаа, байдаггүй шүү. Арга ядаад утсаар сураглатал Политехникийн коллежийн хашаан дотор морилж яваа болж таарлаа. Заасан газар нь явж очвол сургуулийн ажилтан аятай байшингийн сүүдэр бараадан хээвнэг зогсож байх нь тэр. Ийн уулзаж зүс барааг нь хараад талх, жигнэмэгээр дайлаад явах гэсэнд машины цонхоор толгойгоо оруулж ирж идэх юм нэхэхэд нь байдаг бүхнээрээ дайлав. Энэ мэтээр эрх Саарлын араас бидний явсныг доор буй видео тэмдэглэлээс гүйцээн үзмүү.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.