images

Цэргийн ангиас бичсэн захиа 37 жилийн дараа эзэндээ очжээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-06-06


   Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас татагдан Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байсан байлдагчийн захиа 37 жилийн дараа эзэндээ иржээ. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын хуудаснаа мэдээлэхдээ “Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байсан байлдагч Н.Болд нь 1985 онд гурван жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдаж, өөрийн төрсөн дүү болох сумын дотуур байранд суудаг Эрдэнэдалай сумын 10 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны тавдугаар сарын 27-ны өдөр бичсэн захиаг цэргийн ангийн гал зуух засварлах явцад барилгын хананаас оллоо” гэжээ.  Тус захидлыг олсон багийнхан захианы эзний эрэлд гарахад Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржав мөн болж, захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, нулимс унаган ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан байна. Өдгөө захиа бичсэн ах Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх тунх, аз жаргалтай амьдарч байна. Уг захидлыг сийрүүлбэл:

  Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? Ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА

1986 он 05 дугаар сарын 27

(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)

Ингээд бид уг захидлыг хүлээн явах ёстой тухайн үеийн 7А ангийн сурагч, одоогийн Дундговь аймгийн Луус сумын сургуулийн захирал Н.Долгоржавтай холбоо барьж уг захидлын талаар ярилцсан юм.

- Сайн байна уу, та? Танд 37 жилийн өмнө ахаас тань бичиж байсан захиа олджээ. Захиагаа хүлээж авав уу?

- Сайн байна уу? Энэ захиаг одоогоор өөр дээрээ аваагүй л байна. Би Дундговь аймгийн Луус суманд амьдардаг. Өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймагт ажлаар очсон юм. Тэгээд сумандаа ирээд байж байтал өчигдөр үдээс хойш над руу танил дүү маань ярьсан. “Таны нэр устай адилхан хүнд хаягласан олон жилийн өмнөх захиаг олсон байна. Манай дарга энэ захианы эзнийг олоорой гэхээр нь та байж магадгүй санагдлаа. Энэ танд бичсэн захиа мөн үү?” гэхээр нь “Эгчдээ чатаар зургийг нь явуулчих” гээд аваад үзтэл яах аргагүй мөн байсан. Эхэндээ утсаар ярихад нь итгээгүй. Юу яриад байгаа юм бол гээд гайхаад тоохгүй л байсан юм. Энэ захиаг надад бичсэн ах маань өөд болоод гурван жил болж байна. Амьдрал маш их сонин байдаг юм байна. Нулимс дуслуулан уншсан даа. Ахаас минь надад их захиа ирдэг байлаа. Тухайн үеийн захианууд маш их удаж ирдэг байсан юм. 1986 онд долдугаар ангид байхад маань надад ирэх ёстой байсан захиа юм билээ. Түүний дараа жил аав маань бурхан болсон юм. Тэгэхэд ах маань цэргийн албанаасаа ажил явдал дээр нь л ирсэн. Аавын ажил явдлыг дуусгачихаад нүдэндээ нулимс дүүрэн эргээд анги руу буцаж байсан даа, ах минь. Тэр нь одоо хүртэл нүдэнд харагддаг юм. Хүний амьдрал хойно инээж уйлж, ирж буцдаг хорвоо. Захиаг олж өгсөн хамт олонд маш их баярлаж байна. Ахынхаа хоёр хүүхдэд энэ тухай дуулгатал маш их баярлаж байна лээ.

- Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

- Би найман хүүхэдтэй айлын гурав дахь нь. Дээрээ ах эгч хоёртой. Ах минь надад дандаа онц сураарай, хоёр дүүгээ хараарай гэдэг үгийг их хэлдэг байсан юм. Хөөрхий ах минь гурван жилийн өмнө өнгөрсөн. Би аав ээжээс ихэр л дээ. Нөгөө ихэр маань одоо аймгийнхаа эмнэлэгт сувилагч хийж байна.

- Тухайн үед ахаас нь олон захиа ирдэг байсан уу?

- Ахаас минь олон захиа ирдэг байсан. Захианууд нэлээд удаж удаж шуудангаар ирнэ. Аав ээж хоёр минь хөдөө мал малладаг. Би ахаас ирсэн захиануудаа хадгалж байгаад амралтаараа аав ээж хоёртоо аваачиж уншуулдаг байсан юм. Тэд маань ахын захиаг уншаад уйлаад суудаг байв. Ээж минь ахыг онцгойлон хэлж “Миний хүү угийн сэргэлэн юм болохоор хаа ч явсан алзахгүй дээ. Албаа сайн хаагаад ирэх байх” гэдэг байсан юм. Ах цэргээс халагдталаа захиа бичдэг байсан. Би ангийнхандаа хүртэл ахынхаа захиаг уншиж өгдөг байв шүү. Энэ тухай ахад бичсэн захиандаа дуулгасан чинь хариу ирэхдээ “Ангийнхандаа мэнд хүргээрэй” гэж байж билээ. Манай аав Дорнодын Халхголд цэргийн алба хаасан хүн. Энэ тухай өвөө эмээ ярьдаг байсан. Цэрэгт явлаа гээд мордсон чинь таван жилийн алба хаагаад ирж байсан гэдэг юм. Ингээд манай гэрээс дараа нь цэрэгт мордсон хүн бол энэ захидлын эзэн ах минь байсан юм. Ийм захидал ах минь надад бичсэн. Ингэж ингэж замдаа саатаад ирээгүй гэдгийг би яахан мэдэх билээ. Ах олон захиа бичдэг байсан болохоор аль захиа нь ирээд аль нь ирээгүй гэдгийг тооцоолж мэдэхгүй шүү дээ.

- Та одоо хаана ямар ажил эрхэлж байна?

- Манайх бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын айл. Аав ээж хоёр минь нутагтаа мал малладаг байлаа. Би өөрөө бол Багшийн их сургуулийг 1989 онд түүх-нийгмийн багшаар төгсөөд төрөлх сумандаа ирж долоон жил орчим багшилсан. Дараа нь аймгийн төвийн “Говийн эрдэнэ” цогцолбор  сургуульд шилжин ирж нийгмийн ухааны багшаар арваад жил ажилласан. Дараа нь 2010 оноос одоог хүртэл Дундговь аймгийн Луус сумын сургуулийн захирлаар ажиллаж байна. Манай сургууль чанарын үнэлгээгээр улсад хоёрдугаар байр эзэлсэн амжилттай сургууль аа.   

- Баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.