images

10 баримт: Каннын кино наадам

Б.Бадамзул

10 баримт

2023-04-14


Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд нэр дэвшиж, Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээснийг тохиолдуулан уг наадмын тухай 10 баримтыг хүргэж байна.

1. Анх 1946 оны есдүгээр сард болж байсан Каннын кино наадмыг хийх санаачилга 1939 онд гарчээ. Учир нь 1938 онд Венецийн кино наадам зургаа дахь удаагаа болж шүүгчид АНУ-ын кино шилдгээр шалгаруулаад байтал шагнал гардуулах өдөр Гитлерийн шахалтаар нацистуудын суртал ухуулгын киног шилдгээр шалгаруулж орхижээ. Иймд ардчилсан орнууд тус наадамд дахин оролцохгүй байхаар шийдсэн байна. Харин Францын талаас кино наадмын шүүгчээр ажиллаж байсан Филипп Эрлангер тус наадамтай өрсөлдөхүйц Францын кино наадам хийх санаа олжээ. Энэ асуудлыг Францын удирлагууд нухацтай авч хэлэлцсэн бөгөөд Италитай найрсаг харилцаагаа эвдэхээс санаа зовнисон гэдэг. Хэдий тийм ч засгийн газраас нь 1939 оны тавдугаар сард гурван сарын дараа буюу есдүгээр сарын 1-нд Канн хотод кино наадам хийх тухай олон нийтийн хэрэгслээр мэдээлж, гадаад орнуудад зарласан аж.

2. Улмаар тус наадмын урилгыг есөн улс хүлээн авч оролцохоор болоод байсан ч дэлхийн улс төрийн нөхцөл байдлын улмаас оролцогчид татгалзжээ. Иймд зөвхөн “Нотрдамын бөгтөр” киног үзүүлэхээр төлөвлөсөн ч наадмын нээлтийн өдөр Герман Польшт довтолсноор наадмыг цуцалсан юм.

3. Энэ явдлаас хойш найман жилийн дараа Канн хотод жуулчдыг татахаар кино наадмыг дахин хийхээр болсон билээ. Улмаар 19 улс оролцсон бөгөөд тэдний төлөөлөл нь дэлхийн кино урлагийн шилдгүүд Роберто Росселлини, Уолт Дисней, Билли Уайлдер, Жорж Кукор, Дэвид Лин, Жан Ренуар зэрэг олон хүмүүс байв.

4. Дэлхийн хамгийн эртний, шударга шүүлттэй энэ наадам энэ жил 76 дахь удаагаа болох гэж байна. Наадам тавдугаар сарын 16-27-ны хооронд болох бөгөөд 1952 оноос жил бүр тавдугаар сард болж буй.

5. Манай уран бүтээлч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино “If only i could hibernate” нэрээр гарах ба “Un certain regard” ангилалд 16 кинотой өрсөлдөж байна.

П.Золжаргалын "Баавгай болох сон" кино Каннын кино наадмын албан ёсны сайт дээр.

6. Наадмын “Palme d’Or” шагналын цомыг 18 каратын алтаар хийдэг бөгөөд үүнийг хийлгэхэд 20-22 мянган евро зарцуулдаг. Энэ шагналыг Швейцарийн үнэт эдлэлийн “Chopard” компанид үйлдвэрлэдэг.

7. Кино наадмыг зохион байгуулах төсөв нь ойролцоогоор 22 сая доллар бөгөөд үүний талыг Францын улсын төсвөөс, талыг нь ивээн тэтгэгч байгууллагуудаас гаргадаг ажээ.

8. Каннын кино наадмын түүхэн дэх хамгийн урт кино бол Филиппинний найруулагч Лав Диасын 4 цаг 36 минут буюу 276 минут үргэлжилдэг “Ang Hupa” гэдэг кино юм.

9. Наадмын үеэр дэлгэх улаан хивсний нийт урт 1800 метр болдог. Учир нь, уралдаанд оролцож буй кино уран бүтээлч бүрийн өмнө шинэ хивс дэвсдэг.

10. Энэ наадмыг 40 мянга орчим хүн үзэж, 4500 сэтгүүлч сурвалжилдаг.

Зураг дээр: Найруулагч П.Золжаргал

1939 оны тавдугаар сарын 15-нд Францын Засгийн газраас Каннын кино наадам зохион байгуулах тухай зарласан нь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.