images

10 баримт: Морингийн давааны үйлдвэр

Б.Бадамзул

10 баримт

2023-04-12


2020 оноос эхлэн Нийслэлийн захиргаанаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Морингийн даваанд Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж, хог хаягдал булшлах байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа билээ. Иймд уг ажилтай холбоотой 10 баримтыг хүргэж байна.

1. Уг төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг 2020 онд “Cowi International” компани хийсэн бөгөөд Морингийн давааны хогийн цэгээс зүүн тийш 100 метрийн зайд хог булшлах шинэ байгууламж байгуулан, үйлдвэр барихад тохиромжтой гэж үзжээ.

2. Тус хогийн цэгийг 1970 онд байгуулж, 2009 оноос албан ёсоор хотын захиргааны харьяа хог хаягдлын байгууламж болгосон юм.

3. Улмаар Япон, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар Японы тогтвортой хөгжлийн шинэлэг шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч "Environmental Resources Management" зөвлөх үйлчилгээний фирм ТЭЗҮ буюу техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулжээ.

4. ЕСБХБ уг төсөлд зориулан манай улсад 4.9 сая долларын буцалтгүй тусламж олгосон дээр нэмж тус банкнаас 9.7 сая долларын хөнгөлөлттэй зээл авсан.

5. Барилгын ажил энэ онд эхэлж одоогоор 40 хувьтай явж байна.

6. Мөн 2023 ондоо багтаан барилгын хог хаягдлыг бутлах, ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш, оффисын барилгын ажлыг 80 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

7. Төслийн ажлыг 2024 оны хоёрдугаар улиралд дуусгана.

8. Улмаар тухайн онд Цагаан даваа, Нарангийн голын хогийн цэгийг бүрэн хааж нийслэл дэх барилгын бүх хатуу хог хаягдлыг Морингийн давааны цэгт төвлөрүүлэх юм.

9. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 150 мянган тонн хатуу хог хаягдал дахин боловсруулна.

10. Мөн хогийн цэгээс хог түүдэг иргэдийг сургалтад хамруулж, ажлын байртай болгох хөтөлбөрийг энэ төслөөр хэрэгжүүлнэ. Учир нь, төслийн гүйцэтгэгч “ERM” компани дээрх гурван хогийн цэгээс хог түүж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн судалгааг 2016 онд хийсэн бөгөөд амьжиргааг нөхөн сэргээх төлөвлөгөөг 2020 онд боловсруулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.