images

Алга болсон таван настай охины эрэлд Партизаныхан нийтээрээ оролцжээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-03-20


    Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, хуучнаар Партизаны сангийн аж ахуйн төвөөс өчигдөр 16 цагийн үед сураггүй алга болсон таван настай охиныг эсэн мэнд олжээ. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд дарга, хурандаа О.Цэрэндаваа, хэсгийн байцаагч, ахмад С.Наранбаатар тэргүүтэй 20 шахам албан хаагч, хоёр эрэлч нохойн хамт эрлийг эхлүүлсэн бөгөөд нутгийн 150 гаруй иргэн, 30 шахам машинтайгаар охиныг хайсан талаар тус хорооны оршин суугч манайд мэдээллээ. "Манай Партизаныхан бараг машинтай болгон нь машинаа асааж эрэлд гарсны зэрэгцээ морьтой, явган хүмүүс олон байлаа" гэж тэрбээр манай сурвалжлагчид ярьсан юм. Мөн 74 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэгийн ажилтнууд, захиргааны албан хаагчид эрэлд идэвхийлэн оролцжээ. Эрлийнхэн 19-ний өдрийн оройн 17 цагаас эхлэн ойр хавийн газрууд болон ууланд хэд хэдэн чиглэлээр самналт хийж улмаар шөнийн гурван цагийн үед охиныг Партизаны төвөөс дөрвөн километрийн зайтай Бор халцгай хэмээх уулын оройд унтаж байхад нь олсон байна. Өчигдөр тухайн нутаг орчинд хүйтэвтэр байсан тул охин гэрээс дулаан хувцастай гарсан байжээ. "Охин хамт тоглож байсан хүүхдүүдээсээ ганцаараа хоцорч үлдээд уул өгсөж явсан байсан. Ер нь хүүхэд төөрөхөөрөө уулын өөдөө л өгсөөд байдаг юм байна" гэж, эрэлд оролцсон иргэн Ш.Батцэнгэл манай сайтад ярилаа. ЦЕГ-ын Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч Х.Шинэбаярын хөтөлсөн "Уран", "Босс" дуудлагатай хоёр нохой охиныг олоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүний өмнө буюу өнгөрсөн өвөл эцэг эхийн асрамжинд байдаг 20 гаруй насны залуу мөн алга болоход нутгийн иргэд энэ удаагийнхтай нэгэн адил олноор идэвхийлэн оролцож байсан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.