Төрийн банкны ногоон зээлүүдийг газар дээр нь авах боломжтой үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2025-04-16
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа маргаашнаас эхлэн 23-ны өдрийг дуустал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох гэж байна. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, Тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээхэд чиглэсэн энэхүү арга хэмжээг "Төрийн банк" хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Өдөр бүр 11-20 цагийн хооронд болох үзэсгэлэн худалдааны үеэр салбарын мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн, илтгэл тавьж, иргэдийн асуултад шууд хариулахын зэрэгцээ зөвлөгөө өгнө. Өнгөрсөн оны үзэсгэлэн худалдаагаар “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг болсон билээ. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, барилгачдыг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлжээ. Тэгвэл энэ удаа төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцох болсноор тус арга хэмжээ цар хүрээгээ тэлж, Тогтвортой хөгжилд чиглэсэн дотоодын хамгийн том үзэсгэлэн худалдаа болж байна. Иргэд энэ арга хэмжээнд оролцсоноор банкны ногоон зээлүүдийг газар дээр нь судлуулан авах боломжтой. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, эко бохирын систем, дулаалгын материал, эко тээврийн хэрэгсэл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа зэргийг банкны зээлээр авч болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.