Хүүшийн амны ресторанд таван аварга цуглав
Чихэнд чимэгтэй
2025-04-15
Японы мэргэжлийн сүмод барилдаж байсан Э.Санчирболд Монголдоо рестораны бизнес эрхэлж байгаа билээ. Мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээнд 2000 онд Рюүо Ноборү нэрээр элсээд зургаан жилийн дараа дээд зиндаанд дэвшин барилдаж байсан тэрбээр 2013 онд зодог тайлсан юм. Э.Санчирболд нэг дэвжээний Хакүхо аваргын менежерээр олон жил ажилласан төдийгүй аваргын үеэлийн охинтой гэрлэжээ. 2003 оны наймдугаар сард тэрбээр Токио хотын Сүмида дүүрэгт, сүмогийн “Кёокүгикан” ордны ойролцоо “Chanko Dining Ryū” нэртэй ресторан нээсэн юм. Сүмочдын иддэг чанко хэмээх хоолноос гадна хонины махаар бууз хийдэг уг рестораны тогоочоор, мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд барилдаж байсны зэрэгцээ Миягино дэвжээний гал тогоог 10 жил барьсан Ямамото Микихо ажиллаж байв. Э.Санчирболд энэ ресторанаа 2024 оны зургаадугаар сард хаасан юм. Улмаар өнгөрөгч 10 дугаар сард Улаанбаатар хотод чанко хоолны анхны рестораныг нээсэн билээ. Сүмо бөхийн аваргууд дэвжээний ёслолын үеэр зүүдэг бүсний нэрээр “Tsuna” хэмээн нэрлэсэн энэ ресторанд өнөөдөр таван аварга цуглажээ. Тэдний дөрөв нь сүмогийн, нэг нь монгол бөхийн аварга буюу дархан аварга Г.Өсөхбаяр аж. Харин сүмогийн аваргуудын гурав нь монгол, нэг нь япон бөгөөд Хакүхо, Харүмафүжи, Тэрүнофүжи аваргаас гадна мэргэжлийн сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи уг ресторанд ирсэн байна. 1960 онд төрсөн Сүгиномори Сэйяа буюу Асахифүжи 30 настайдаа башёд түрүүлж, ёкозүна цолтойгоор найман башёд барилдсан юм. 1991 онд зодог тайлаад тэрбээр Исэгахама дэвжээг удирдах болсон бөгөөд Харүмафүжи, Тэрүнофүжи хоёр аваргыг төрүүлэн гаргасан билээ. “Фэйсбүүк” хуудсандаа өнөөдөр Э.Санчирболдын хуваалцсан бичлэгт, монгол дээлтэй М.Даваажаргал рестораны угтах өрөөнд хадаг, сүү барин бусад аваргуудыг тосон мэндчилж байгааг харуулж байна. “Tsuna” ресторан нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо буюу Хүүшийн амны харалдаа “Belmonte Tower”-ийн 10 дугаар давхарт байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.