images

"Баянбулагийнхан"


    1973 онд үзэгчдийн хүртээл болсон “Баянбулагийнхан” киноны дуу бүтсэн түүх их сонин. Тухайн үед илгээлтийн цаг таарч уран сайхны зөвлөлөөс киног дуутай болгох санал гаргажээ. Ингээд саальчдын өдөрлөг дээр саальчин Оюуныг дуу дуулуулав. Гэтэл тэр дууг баримтат киноных юм шиг тавилттай хэмээн шүүмжилж дуугаа солих үүрэг өгчээ. Ингээд нэгэнт киноны зургийг авч дууссан учраас гол дүрийн бүсгүй Оюунд тоглосон дуучин Д.Хоролсүрэнгийн амны хайрцагт тааруулж шинэ дууны үг, аяыг бичих чанга сорилт тулгарсан байна. Тус киноны туслах найруулагчаар ажиллаж байсан сэтгүүлч Б.Чимэддоржид "Киногоо мэддэгээрээ чи шүлэг бич" гэсэн үүрэг даалгаж "Шүлгээ Г.Бирваад авч очоод ая хийлгэ" гэжээ. Ингээд яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр дуучны амны хайрцагт тааруулан "Баянбулагийнхан" дууг хийв. Шинэ бичсэн дуугаа Д.Хоролсүрэнгээр дуулуулах гэтэл хөдөө орон нутгаар тоглолттой явж таарсан тул Г.Бирваа гуай Болгарт суралцаад ирсэн дуучин Ц.Ерөөгөөр дуулуулах санал тавьжээ. Энэ тухай Б.Чимэддорж гуай "Болгарт төгсөөд ирсэн соёлтой хүн очно шүү гэж хэлсэн. Жигтэйхэн ганган, царайлаг, үнэртэй ус ханхлуулсан маш гоё эмэгтэй орж ирсэн. Тэгээд надад "Ганц нэг үгийг нь солимоор байна" гэж хэлэхэд нь шуудхан л "Тэг ээ тэг" гэж байлаа. Түүнээс хойш би усанд орж, зангиа зүүдэг болсон доо. Соёл гэдэг чинь тэр" хэмээн дурссан байдаг. Ингээд кино үйлдвэрт дэлгэцэн дээр саальчин Оюуны дуулахыг харж, Намсрайдорж гуай удирдаж амны хайрцагт тааруулан дуулуулах ажил эхэлжээ. Энэ дууг киноны дунд, төгсгөл хэсэгт хоёр удаа дуулдаг бөгөөд шинэ дууны эхний хэсэг амны хайрцагтай нь яв цав таарсан ч төгсгөл хэсэг нь нэг л болохгүй байжээ. Тиймээс кино багийнхан юутай ч дуугаа биччихээд дараа нь энэ асуудлыг аргалахаар болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, Ц.Ерөө гуайн дуулж буй хэсэг дээр Д.Хоролсүрэнгийн ам зөрөхөд байгалийн зураглал, бусад дүрсийг эвлүүлж сайн монтажаар энэ дууг аварсан байна.

Эх сурвалж: "25 дугаар суваг" телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг.