images

Отгонцагаан


Монголын Олимпын хорооны зөвлөх Жүгдэрийн Отгонцагаан нэрийнхээ тухай манай сайтад ийн ярилаа.

     Би эцэг, эхээс ах дүү наймуулаа юм. Айлын отгон нь биш, дороо нэг дүүтэй болохоор ааваасаа “Та яагаад надад ийм нэр өгсөн юм бэ?” гэж асууж байлаа. Манайх удам угсаагаараа Завхан аймгийн Алдархаан сумынх. Тэнд сүрлэг их Отгонтэнгэр хайрхан бий. Тиймээс аав минь мөнх цаст цалин цагаан оройтой Отгонтэнгэр хайрханаа бэлгэдэж надад энэ нэрийг хайрласан юм билээ. Харин миний дүүг Ж.Очирням гэдэг. Мөн л Очирваань хайрханаа бэлгэдэж нэр хайрлажээ.

     Би Отгонцагаан нэртэй ямар хүн, хаана байдаг бол гэж их сониучирхдаг юм. Анх Налайхын уурхайгаас төрсөн Хөдөлмөрийн баатар Жүрмэдийн Отгонцагаан гэдэг хүн байлаа. Энэ хүний нэрнээс үүдэлтэй нэг хөгжилтэй явдал болсон шүү. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө нэг сонин дээр “Ж.Отгонцагаан орон гэргүй явж байна” гэсэн мэдээ гарчихжээ. Тэгсэн хүмүүс над руу утасдаад “Яасан бэ, юу болсон бэ?” гэж их ярилаа. Яасан гэхээр Хөдөлмөрийн баатар Ж.Отгонцагаан гуай хотод шилжиж ирээд энд суух орон сууцгүй байсан юм билээ. Настай хүн л дээ. Тэгэхээр нь тэрийг нэг сэтгүүлч барьж аваад бичихдээ гарчиг дотроо Ж.Отгонцагаан гэчихэж. Харин мэдээг нь уншаад үзвэл дотор нь Хөдөлмөрийн баатар гэж тодотгосон байж билээ. Бас Доржсүрэнгийн Отгонцагаан гэж яруу найрагч эмэгтэй байдаг. Нисэхт нэг цагдаа, Солонгост нэг залуу, манай найзын хүүхэд гээд хэд хэдэн Отгонцагаан нэртэй хүн мэдэх юм. Гэхдээ бид тийм ч олуулаа биш ээ. Өөр нэг залилагч Отгонцагаан гарч ирсэн удаатай. Би Спортын ордны хажууд задгай террас дээр хэдэн найзтайгаа пиво уусан шиг сууж байтал нэг хүүхэн яваад ирлээ. Ирээд “Сайн байна уу та, Отгонцагаан гуай мөн үү?” гэж байна. “Тийм ээ” л гэлээ. Тэгсэн намайг ч бас Отгонцагаан гэдэг гэхээр нь бэлгэшээгээд “Дүү наашаа суугаач” гээд ажил төрлийг нь асуув. Тэгсэн нарийн боовны цех ажиллуулдаг, МАХН-ын идэвхтэн гээд л ярьж байна. Түүнээс хойш тэр хүүхэн над руу утсаар нэг хэд залгасан юм. Би тэр үед нь завгүй байж таарчээ. Нэг удаа сонин гарчиглаж суутал залилагч Отгонцагаан гээд нөгөөхийн чинь зураг гараад ирдэг юм. "Залилан хийдэг энэ хүнийг эрэн сурвалжилж байна" гэчихсэн байж билээ. Жаахан буруу явдалтай, аавынд орж гарсан эмэгтэй байсан бололтой. Тэгээд хожим мэдэхнээ Отгонцагаан ч биш Цагаан-Отгон нэртэй байсан юм билээ. Ондоо нэртэй байж Отгонцагааны нэрийг гутаагаагүйд нь баярладаг юм.