images

“Хар ус нуурын шагшуурга”


     1959 онд яруу найрагч Бэгзийн Явуухулан Ховд аймагт очихдоо “Хар ус нуурын шагшуурга” шүлэг бичсэн нь “Туяа” сэтгүүлд нийтлэгдэв. Энэ бүтээлийг залуу яруу найрагч Н.Очирбат сэтгүүлээс хуулж аваад  хөгжмийн зохиолч Ж.Шараад өгчээ. Тэрээр “За Шараа. Явуу багшийнхаа нэг гайхалтай шүлгийг чамд авчирлаа. Чи авьяасаа сорь” гэж хэлжээ. Ж.Шараа ч ая хийгээд Б.Явуухулан руу утасдаж “Би таны шүлэгт ая хийлээ. Та зав гаргаад хүрээд ирээч" гэж гуйжээ. Б.Явуухулан ч хүрээд ирж гэнэ. Ж.Шараа зохиосон аяа тоглож үзүүлтэл Б.Явуухулан дуугүй суугаад байж гэнэ. Тэгтэл Ж.Шараа Явуу багшаасаа "Шагшуурга гэж юу гэсэн үг вэ?” гэж асуужээ. Б.Явуухулан “Хар ус нуур гэж Ховдод байдаг сайхан нуур. Нуур усыг хөвөөлөн хулс, зэгс байдаг. Түүнийг шагшуурга гэдэг юм. Намар цагт нууранд чуулсан шувууд явчихаар нуур ус ямар уйтайг чи Сүхбаатарын хүн мэднэ дээ” гэжээ. Тэр үгийг сонссоны дараа Ж.Шараа аяыг нь өөрчлөн дуугаа хийгээд Ардын жүжигчин Б.Зангадад өгч дуулуулсан байдаг. Энэхүү дуу тэр жилээ Залуучууд оюутны хоёрдугаар их наадамд тэргүүн байр эзэлсэн юм.