images

"Хар хархан харц"


     Дуучин С.Жавхлан, Б.Эрдэнэчимэг нарын дуулснаар бидний сайн мэдэх “Хар хархан харц” дуу бол Өвөр Монголын яруу найрагчийн үг, дуучин Р.Отгонтуяагийн амилуулсан уран бүтээл юм. Анх дуучин Р.Отгонтуяа 2010 оны есдүгээр сард хөтлөгч Н.Насанжаргал дээр очиж дууны үг гуйхад "Хар хархан харц" шүлгийг өгсөн гэдэг. Шүлэгтээ хөгжмийн зохиолч Улаантугаар ая хийлгээд Монгол руу илгээж хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалаар хөгжмийн найруулга хийлгэсэн байна. Тэр үед үг нь аяндаа багтахгүй илүү гараад байхаар нь Б.Мөнхжаргал “Би аяыг нь өөрчилчих үү. Чи цаад хүмүүсээсээ асуугаад өгөөч” гэсэн санал тавьжээ. Ингээд Өвөр Монголын талаас зөвшөөрсөн хариу ирж хөгжмийг нь янзалснаар “Хар хархан харц” дуу бүтжээ. Р.Отгонтуяа энэ дуугаа 2011 онд Өвөр Монголын Цагаан сарын үдэшлэгээр анх дуулсан гэдэг. Тухайн үед Б.Мөнхжаргалын зөвшөөрөлтэйгөөр Улаантугийн хөгжим хэмээн зарлуулжээ. Харин жилийн дараагаас энэ дууг Монголын дуучин Б.Энхбаттай хамтран дуулсан юм. Учир нь, 2012 онд Зүүн Үзэмчин хошуунд хийсэн тоглолтод нь Б.Энхбат оролцжээ. Тухайн үед Өвөр Монголын яруу найрагч Эрдэнэтогтох “Бидэн хоёр” гэсэн шүлэг бичиж дуучдад өгснийг хамтран дуулсан бөгөөд тэгэхэд "Сайхан нийцдэг уран бүтээлчид байна. "Хар хархан харц" дуугаа хамтран дуулбал сайхан зохицно" гэсэн санал авчээ. Ингээд Б.Мөнхжаргалаас зөвшөөрөл авч хослон дуулав. Улмаар дуу нь Өвөр Монголын ард түмэнд ихэд таалагдсан тул клип хийлгэхээр шийдэж, зураг авалтыг нь Баянхонгор аймгийн Жинст суманд очиж хийсэн гэдэг.

Эх сурвалж: "Өлзий" телевиз