images

“Миний монгол наадам”


     Яруу найрагч Ш.Гүрбазар, хөгжмийн зохиолч Л.Балхжав тэргүүтэй уран бүтээлчид энэ дууг зохиохын тулд "Найрамдал" зусланд байрлажээ. 2019 оны Үндэсний баяр наадмын нээлтийг Н.Наранбаатар найруулахаар болж Ш.Гүрбазар, Л.Балхжав хоёрт наадмын тухай, олон дуучид оролцож болох нийтлэлийн өнгө, аястай дуу хийж өгөөч хэмээн хүсжээ. Тус хүсэлтийн дагуу уран бүтээлчид хоорондоо ярилцаад "Найрамдал" зусланг зорьж гурав хонохдоо бүтээлийн ерөнхий сууриа тавьсан гэдэг. Энэ талаар Ш.Гүрбазар ergelt.mn сайтад ярихдаа “Наадмын тухай дуу хийе гэхээр нэг бол адуу, бөх гээд л толгойд ороод ирдэг. Тийм болохоор “Миний монгол наадам” дууг бүхэл бүтэн үндэстний бахархал болгохын тулд бүгдийг нэг чигт барьж, авч явах хэрэгтэй болсон юм” гэж хуваалцжээ. Тэрбээр "Найрамдал" зуслан явахаасаа өмнө Монголын сор болсон 16 аман зохиолыг цүнхлээд явсан гэдэг. Тэр олон номын хуудас дундаас хамгийн чухал гэсэн мөрт болох “Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам мину зээ” гэх үгийг босгожээ. Тэгээд зуслангаас буцах болоход Ш.Гүрбазар 40 орчим хуудас ноорог шүлэгтэй буцсан байна. Гэсэн хэдий ч тийм олон хуудас шүлгээ хөгжмийн зохиолчид өгч болохооргүй байв. Тэгээд Л.Балхжаваас, эхлээд хөгжмөө бүтээж өгөхийг хүсжээ. Үүнээс хойш удалгүй Л.Балхжав ч аяа бэлэн болгож өгчээ. Тэгээд хоёул хамт  хөгжим дээрээ сууж, аялгуу бүрийг нь нэгд нэгэнгүй сонссон байна. Намуухан аялгуутай хэсэгт нь ардын дууныхаа үгийг оруулж, төвөргөөн хөгжимтэй хэсэгт нь рок, поп дуучдынхыг гэх зэргээр ноорог шүлгээсээ хасахыг нь хасаж, зөөхийг нь зөөсөөр “Миний монгол наадам” дууны шүлэг бүтсэн гэнэ.