images

Наадам


  Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салааны захирагч, Тулааны спортын дэлхийн хошой аварга, дэслэгч Б.Наадам 1991 оны долоодугаар сарын 7-нд төржээ. Түүнийг эхээс мэндлээд дөрөв хоногийн дараа гэртээ очиход нь авга өвөө нь тосон авч, нэрийг нь хайрлажээ. Тэрбээр нэг удаа Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх "Соёмбо" сонинд ярилцлага өгөхдөө "Өвөөгийн минь оноож надад өгсөн энэ нэр үнэхээр бэлгэдэлтэй. Учир нь би оролцсон наадам, тэмцээн бүрээсээ медаль хүртдэг. Миний хувьд анхандаа нэрийнхээ утга учрын тухай төдийлөн боддоггүй байлаа. Сүүлд Азийн болон Дэлхийн тулааны наадмуудад хүч сорьж амжилт үзүүлснийхээ хойно л өвөө минь ямар их утга учиртай нэрийг надад хайрлаа вэ гэж бодох болсон. Тэгээд энэ нэрээ улам өндөрт өргөж явах нь миний үүрэг гэдгийг илүү ихээр ойлгож ухамсарласан" гэжээ. Айлын ганц хүү тэрбээр Төв аймгийн Бор нуур сумынх гэнэ. Түүний аав нь мужаан хүн байсан бөгөөд ээж нь насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан сувилагч хүн байдаг аж. Үндэсний их өв соёл наадмаар анх гэртээ ирсэн болохоор бэлгэшээж нэрийг нь хайрласан энэ хүү тулааны спортоор 2005 оноос хойш хичээллэж байна.