images

Шуудайнд мөргөсний учир


    Гандантэгчинлин хийдийн Ламрим дацангийн хамба С.Баянцагаан гуайн эцэг нь мөн хийдийн лам Мянгадын Сандаг гэж алдаршсан хүн байв. Ховд аймгийн Мянгад сумын хүн юм. Сандаг гуай Бурханы шашны мэдлэг боловсрол сайтай хүн байсан бөгөөд их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайтай танил байсан, Ц.Дамдинсүрэн гуайгаас Ганжуурын судрыг боть ботиор нь хэсэглэн авч уншдаг байжээ. Тухайн үед Ц.Дамдинсүрэн гуай Чингэлтэй хавьд амьдардаг байсан тул Сандаг гуай тэднийхээс Ганжуурын судар авч явахдаа шуудайнд хийгээд явдаг байж. Цаг төр бурхан шашинд хатуу ханддаг байсан цаг болохоор нууж авч явж байгаа нь тэр юм. Нэгэн удаа ээлжит унших номоо аваад автобусны буудал дээр зогсож байтал нэг намхан бор өвгөн хүрч ирээд "Энэ хүний шуудайнаас адис авъя" гээд шуудайнд нь мөргөж гэнэ. Тэгэхээр Сандаг гуай гайхаж "Таны нэр хэн бэ" гэж асуусанд "Намайг Хэнтийн Мэргэн шовгор гэдэг” гэжээ. Тэр хүн далдыг хардаг чадлаараа шуудай дотор Бурханы ном байгааг мэдээд мөргөсөн нь тэр байж. Мэргэн шовгор гэдэг хүний уг нэр нь Ишжамц, эхнэр нь Хэрмэлжурам, хүү нь Идэр гэдэг хүн байсан. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд нутаглаж байгаад Улаанбаатар хотод очиж, Чингэлтэй хавьд амьдардаг болсон юм билээ.

“Монголын Бурханы шашны аман түүх 2” номоос