images

“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”


      “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дууг 1983 онд гитарчин, хожмын Гавьяат жүжигчин Д.Галсанбат бичжээ. Тэрээр энэ дууны аяыг эхэлж биччихээд “Соёл-Эрдэнэ” чуулгынханд сонсгоход “Наадах чинь орос маягийн ая байна” гэж. Маргааш нь тэр аяыг нь дахин сонсохдоо “Өргөлт нь гадаад маягийн болохоор жинхэнэ монгол ая биш байна” гэж шүүмжлэв. Мөн цоглог ая учраас чи өөрөө үг бичих хүнээ олж бичүүл гэж зөвлөсөн байна. Д.Галсанбат шууд л яруу найрагч Д.Рэнцэндоржоор тохирсон үг бичүүлж авлаа. Ингээд 1983-1984 онд “Соёл-Эрдэнэ” чуулгын удирдаачаар ажиллаж байсан Х.Төмөрбаатарт дуулуулья гэтэл “Нандинцэцэгээр дуулуулбал зүгээр” гэжээ. Харин Б.Галсанбат “Харин ч эрэгтэй хүн бүсгүйчүүдэд зориулж дуулах дуу” гэж шалсаар дуулуулж чаджээ. Ингээд Х.Төмөрбаатар “Соёл-Эрдэнэ” чуулгад байхдаа цахилгаан хөгжим дээр дуулсан бол дараа нь “Баянмонгол” чуулгад очихдоо жааз хөгжимд хувиргаж дуулав. Энэ үед “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин Б.Баяр дуулдаг байжээ. Түүний хүү Б.Хонгор энэ дууг хожим дуулсан удаатай. Энэ тухай Х.Төмөрбаатар “Хонгор их даруухан дуулсан. Би энэ дууг цоглог дуулах ёстой гэж боддог. Ая нь явж эхлэхэд л хүмүүс бүжиглээд эхэлдэг юм” гэжээ. Мөн тэрээр энэ дууг дуулахыг санал болгосон Д.Галсанбатад талархаж явдгаа хэлсэн нь бий.