images

Баянжавзан


"И-Монгол академи" УТҮГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Баянжавзан өөрийнхөө нэрийн тухай манай сайтад ийн ярилаа. Түүний нэр Монголд ганц. 

     Миний нэрийг нутгийн ламаас авсан юм билээ. Энд тэнд олимпиад, уралдаанд явахаар хүүхдүүд үргэлж л гайхдаг байв. Тэрнээс ч болсон уу анх хөгшин нэр гээд дургүйлхдэг байсан ч сүүлд Монголд цор ганц байдгийг мэдээд нэрээ хайрлаж, өндөрт өргөж явъя гэж боддог болсон. Уг нь Баянжавзан гэхээр түгээмэл нэр байж болмоор санагддаг. Баян нь орсон Баянзул, Баянжаргал, Жавзан нь орсон Жавзандулам, Жавзмаа гэдэг нэрүүд зөндөө байдаг. Гэтэл энэ хоёр үгийг нийлүүлж бүтээсэн Баянжавзан гэдэг нэртэй хүн надаас өөр байхгүй нь сонин шүү. Тийм болохоор миний нэрийг хүмүүс ихэнхдээ Баянжавхлан, Баянжанцан гэж буруу дуудна. Намайг багад гэрийнхэн Жавзан гэж дууддаг байсан юм. Цэцэрлэгт ороод л бүтэн нэрээ мэдсэн хөгтэй. Тэгсэн цэцэрлэгийн шинэ багш намайг тувт Баянжавхлан гэж дуудсан юмдаг. Мөн анх удаа миний нэрийг уншиж байгаа хүмүүсийн ихэнх нь буруу уншина. Тэр бүрд засаж хэлж, бичүүлдэг дээ. Нэг хөгжилтэй түүх дурсахад, 2019 онд би үзэсгэлэн үзэж яваад зураачтай нь танилцав. Баянжавзан гэж нэрээ хэлээд гар барьтал "Баян нь таны хоч уу?" гэж асууж билээ. Хүнтэй анх танилцаж байгаа хүн яалаа гэж хамгийн түрүүнд баян чинээлгээ хэлэх билээ дээ. Ер нь л миний найз нөхөд "Чи яг баян юм уу даа" гэж их тоглоом шоглоом хийнэ ээ. Тэр бүрд нь мөчөөгөө өгөхгүй "Худал үгийг мянга хэлбэл үнэн болно. Баян хүүхэд ээ, баян дүү, Баянжавзаан л гээд сайн дуудаад бай" гэдэг юм. Одоо ажлынхан маань тоглоом хийгээд "richJavzaa" гэдэг. Монголд ганцхан нэртэй байх их гоё шүү. Интернэтэд хайлт хийхэд зөвхөн миний тухай гарч ирэхээр сонирхолтой бас баярламаар. Тиймээс нэрийг маань хайрласан ламд талархаж явдаг.