images

“Дандаа чамайг хайрлаж явья”


    1970-аад онд гадаадад боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирж байсан тэр цагт яруу найрагч Ш.Дулмаа нэгэн шүлэг тэрлэсэн нь “Дандаа чамайг хайрлаж явья” байв. “Сайхан эмэгтэйг хараад эрэгтэй яруу найрагчид шүлэг тэрлэдэг шиг бид ч бас сайхан эр хүн хараад түүнд зориулж шүлэг тэрлэнэ шүү дээ. Тийм л сайхан дурсамжуудын нэг дээ” хэмээн Ш.Дулмаа гуай энэ шүлгийг бичсэн дурсамжаа хуваалцжээ. Ингээд шүлгээ номд хэвлүүлсэн байсныг хөгжмийн зохиолч И.Болоож 1980-аад оны эхээр олж үзээд яруу найрагчид хэлж дуу болгосон гэдэг. Тухайн үед хөгжмийн зохиолч хэдийнэ аяа биччихсэн, тохирсон шүлэг л хайж явсан цаг санж. Харин дуу бэлэн болоход 1984 онд “Өргөө” хамтлаг дуулжээ. Мөн л дуучин С.Бархас өөрийн гэсэн дуутай болохоор шийдсэн үетэй давхцаж олны хүртээл болжээ. Энэ дууг дуулсан анхны тайз Барилгачдын соёлын ордон буюу одоогийн СУИС-ийн тайз гэнэ. Мөн энэ дуу радио, телевиз бус үйлдвэр, байгууллагуудын тайзнаас л сонсогчдын дунд түгжээ. Тэд Гутлын, Арьс ширний гээд л аймаг, нийслэлийн олон үйлдвэрийн тайзан дээр энэ дуугаа дуулсан гэдэг. Хожим 1990 онд радиод хоолойгоо бичүүлжээ. Харин анх клип хийхдээ оюутан охин ардаа бүжиглүүлж, өмнө нь С.Бархас дуулсан байна. Тэрбээр энэ тухай ярихдаа “Тэгэхэд Дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин байсан эхнэр маань “Би бүжиглэсэн бол илүү сайн бүжиглэх байсан даа” хэмээн үг хаяж байлаа. 1980-аад онд ид залуу байхдаа хоёр биенийхээ дүрийг бичлэгт мөнхлөхгүй яав гэж харамсдаг юм” хэмээн дурсжээ. 

Эх сурвалж: “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг