images

Монгол унзад


     Монголын хүрээ хийдийн унзадууд ном эхлэхдээ баруун гараа эрүүнийхээ өмнө авчирч хуруунуудаа цэцэг дэлгэрч буй мэт хэлбэрт оруулан чагжалдаг билээ. Энэ анх ямар учраар үүссэн гэхээр Монголын Их Хүрээний нэгэн чанга дуутай унзад лам Түвдэд очжээ. Тэгээд Түвдийн Лхасын нэгэн их хийдийн хуралд хурж гэнэ. Түвдийн унзадууд үүд рүүгээ харж суудаг бөгөөд бусад лам нар нь баруун, зүүн хана руугаа харсан байрлалтай суудаг аж. Тэр монгол унзадыг түвд унзадын ойр суулгасан юм байж. Тэгсэн түвд унзадыг номоо эхлэнгүүт л монгол унзад залгаж аваад уншдаг. Тэр монгол унзадын дуунд түвд унзадын дуу дарагдаад тэр хийдийн лам нар монгол унзадын дуу хоолойг дагаад л уншаад байдаг гэнэ. Тэр монгол унзад эрүүгээ баруун гарын эрхий болон долоовор хуруугаараа тулаад бусад хуруугаа дээш нь босгоод уншдаг байж. Үүнийг нь түвдүүд бодохдоо Монголын унзад нар ингэж ном эхэлдэг журамтай юм байх гэж бодож. Тэгвэл үнэн хэрэгтээ бол тэр унзадын дуу хоолой маш хүчтэй гардаг учир өөрийнхөө дууны доргилтод эрүү нь мултрах гээд болдоггүй учир тэгж эрхий хуруугаараа тулсан юм байна. Түүнээс хойш монгол унзадууд эрүүнийхээ өмнө баруун гараа авчирч чагжилдаг болсон юм гэнэ.

Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С.Гантөмөр гуай 2011 онд ийн хуучилжээ.