images

“Орчлонгийн сайхан хүүхнүүд”


    Энэ дуу 1992 онд мэндэлжээ. Дуу бүтэх үйл явц тийм ч амаргүй байсан хэрнээ хүн бүрийн сэтгэлд хоногшсон дуу болсон юм. Аяыг хөгжмийн зохиолч Л.Насанбат хийсэн бөгөөд энэ тухайгаа “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэгт ярихдаа “Миний ээж Ардын жүжигчин Чимэдийн Долгорсүрэн гэж хүн байсан. Ээж маань нэг удаа "Сүүн цагаан үдэшлэг" нэртэй уран бүтээлийн цэнгүүн хийхээр боллоо. Тэр арга хэмжээн дээрээ Ж.Оюунцэцэг гэдэг хүний "Бүсгүйчүүд" хэмээх шүлгийг уншиж өгөхөөр болсон юм. Тэгж олны өмнө шүлэг уншихаасаа өмнө гэртээ хэд хэдэн удаа давтаж хэр хэмжээндээ л бэлдсэн байх. Ээж дэргэд минь байн байн уншсаар байгаад миний чихэнд тэр шүлэг хоногшчихсон. Сүүлд нь ерөөс дуу болгохоор шийдэж, сэтгэлд ойр санаж байгаагаараа “Орчлонгийн сайхан хүүхнүүд. Ээжийн ээжийн ээжүүд” гэсэн үгийг дахилт болгож ая хийж байлаа” гэжээ. Уг шүлэг нэлээн урт найраглал шиг байсан гэдэг. Тэгээд дуу болгохын тулд зарим хэсгээс нь  нэлээдгүй танаж "Орчлонгийн сайхан хүүхнүүд" гэсэн нэр өгчээ. Тэгээд хажуу ангийн виолончель хөгжмийн багш Ш.Дуламсүрэнд хандаж, дотны хүмүүсээ цуглуулж сонсгожээ. Тэнд цугларсан хэн бүхэн бүгд л, засах юмгүй сайхан дуу болцгоож гээд дуучнаа сайн сонгох хэрэгтэй юм гэсэн зөвшилцөлд хүрчээ. Түүнээс хойш дуучнаа хайж явсаар хоёр жил болж, нэгэн өдөр Гавьяат багш, морин хуурч Ё.Батбаяр дээр очиж ямар дуучнаар дуулуулах вэ гэсэнд тэрбээр удаан бодолгүй, ОХУ-д дуулаачийн мэргэжлээр суралцаад ирсэн ДБЭТ-ын дуучин Г.Эрдэнэбатыг санал болгосон байна. Ингээд маргааш нь шууд Г.Эрдэнэбаттай очиж уулзаад санал тавьсанд дуучин хүлээн авч дуулснаар энэ дуу олны хүртээл болсон түүхтэй.