images

Лоохууз


    Цогт-Очирын Лоохууз 1923 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төржээ. Тэрбээр Ардын их хурлын орлогч дарга, Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд коммунист суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө амьдралынхаа 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн юм. Түүнийг 1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгажээ. Өөрийн нэрийн тухай тэрбээр 2015 оны тавдугаар сард "Өдрийн сонин"-д ярьсныг хүргэе. "Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн нэртэй хүн юм. Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Багадаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг байлаа. Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг" гэв. Манай улсын Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй ийм нэртэй 10 хүн байна.