images

"Үр минь"


Найруулагч Б.Цогт-Эрдэнийн бүтээл “Хөхөөний үүр” киноны “Үр минь” дууны үгийг бичсэн залуу яруу найрагч М.Дэвээжаргал манай сайтад дуу бүтсэн түүхийг ийн хуваалцлаа.

     “Хөхөөний үүр” киноны дууны шүлгийг 12 ангидаа бичсэн. Тэгэхээр тэр үед 17 настай л байсан гэсэн үг. Тухайн киноны найруулагчтай эчнээ танил байсан. Тэгэхэд би зуны амралтаараа хөдөө гэртээ оччихсон байлаа. Надтай холбогдоод, ийм зохиолд дуу хийх гэсэн юм, шүлгийг нь чамаар бичүүлэх саналтай байна гээд кино зохиолоо явуулсан. Түүнийг уншсан хойноо сумын төв рүү ааваар хүргүүллээ. Замын дунд л шүлгийн мөрүүд нэг нэгээрээ цуглаад байсан, тэгээд л биччихсэн. Эхэндээ эх хүний сэтгэлийг өөрийн зүгээс илэрхийлэн бичих нь хэцүү юм шиг санагдаж байсан ч надад байгаа, надад байсан бусдын “хайр”-аар л бичсэн. Хайран дунд амьдарч байгаа минь гол дүрийн эмэгтэйн сэтгэлийн шаналал, уй гунигийг илүү бодитоор мэдрэхэд нөлөөлсөн ч байж магад. Энэ дууны шүлгийг бичихийн тулд би яг эх хүн шиг мэдэрч, эх хүн шиг энэлэх хэрэгтэй болсон. Энэ бол ганхаж гэж биччихээд өөрөө ганхаж, бүүвэй гэж биччихээд өөрөө бүүвэйлж бичсэн шүлэг. Анх удаа өөрийнхөө дотор өөр хүн бүтээж, түүнийгээ орхин гарч, түүндээ эргэн ирсэн минь энэ киноны дууны шүлгийг бичсэндээ талархалтай ханддаг шалтгаан даа. Хөхөө шувууг өндөгөө бусдын үүрэнд төрүүлээд орхидог гэдэг шиг кино зохиолын үйл явдал ч тийм л байв. Ялгаатай нь сэтгэл нь угаас орхиж чадахгүйд л байсан. Тиймээс “Хөхөө үүрээр үүрээ эргэнэ” гэх мөр орж ирсэн байх. Дууны шүлгийг бичихдээ үгс хоорондоо хэрхэн авцалдаж байгааг мэдэхийн тулд амандаа аялаад л бичээд байсан. Намар нь хотод оюутан болохоор ирэхдээ студид хоолой бичих үеэр аяыг нь сонссон. Үгийн хэмнэлд тааруулж ая бий болж, илүү дутуу өргөлт аваагүй юм шиг санагдаж билээ. Магадгүй би шүлгээ яаж бичсэн түүн шиг хөгжмийн зохиолч ч бас мэдэрсэн болов уу. Дуучин С.Сэрчмаагийн хийл тоглож байгаа хэсэг миний сэтгэлийг хөдөлгөсөн. Шүлгэндээ жаахан дутуудуулсан ч байж мэдэх гуниг, цөхрөлийг хийлийн аялгуугаар нөхсөн юм шиг санагдаж байлаа.