images

“Pringles”


     АНУ-ын армид ажиллаж байсан Александр Лейпа гэдэг эр 1968 онд “Pringles” чипсийг бүтээжээ. Тэрээр 1919 онд Орост төрсөн бөгөөд 1999 онд 80 настайдаа өөд болсон юм. А.Лейпаг энэ чипсийг хийж эхлэхээс зуун жилийн өмнө төмсийг хальсалж хэрчээд шарж чипс хийх арга дэлгэрсэн ч тэрээр хальсалсан төмсийг дахин хэлбэрт оруулж хийх арга олжээ. Энэ нь бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хямд, хийхэд хялбар байлгах зорилготой байв. Мөн тэрбээр хориод жилийн өмнө гараад байсан төмс хальслагчийг ашиглахаар шийдсэн байна. Ингээд Охайо мужийн Монтгомери хотноо чипс үйлдвэрлэж байгаад, зохиогчийн эрхийн патентаа “Procter & Gamble” компанид өгөв. Улмаар тус компани чипсийг "Pringles" гэж нэрлэжээ. Харин яагаад ингэж нэрлэх болсон тухайд, компанийн хоёр ажилчин Охайо мужийн Финнитаун хотын гудамжинд явж байхдаа ийм нэр олж харсан нь сонсоход таатай, дуудахад хялбар байсан тул өгсөн гэдэг байна. Мөн зарим эх сурвалж, 1937 онд төмс шарах машин зохион бүтээсэн Марк Принглийн нэр гэдэг. Сонирхолтой нь, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Жин Вольф энэ чипсийг хэт түлэлгүйгээр чанах машин бүтээсэн тул "Pringles" чипс үргэлж цайвар шаргал өнгөтэй байдаг байна. Мөн Фредерик Ж.Баур хөнгөн цагаан лааз бүтээж тус чипсний хэлбэрийг эвдэхгүйгээр хадгалах аргыг олжээ. Харин "Procter & Gamble" компаниа 2012 онд "Kellogg's" компанид чипсний эрхийг худалдсанаас хойш "Pringles"-ийн борлуулалт огцом нэмэгдсэн юм. Тухайлбал, 2011 онд 4,8 тэрбум долларын борлуулалт хийж байсан бол 2014 онд 6,5 тэрбум доллар болж өссөн байна. Мөн энэ чипсний нийт борлуулалтын гуравны хоёрыг АНУ-аас өөр улсад хийдэг. Одоогоор шоколад, хавч, сонгино гэх мэт янз бүрийн амтлагчтай 100 гаруй төрлийн “Pringles” чипс дэлхийн 140 гаруй оронд худалдаалагдаж байна.