images

"Шивнээ"


     “Харанга” хамтлагийн “Шивнээ” дуу одоогоос 48 жилийн өмнө 1975 онд төржээ. Тухайн үед хамтлагийн гитарчин Ц.Энхманлайг “Ногоон гэрэл” хамтлагийн гишүүн байхад сэтгүүлч Го.Бадарч гурван шүлэг өгөөд "Чи дуртай үгэндээ ая хий" гэжээ. Харин Ц.Энхманлай гурван шүлгээс хоёрт нь ая хийсний нэг нь "Шивнээ" байв. Дууны шүлгийг бичигч эрхэм тэр үед хайр дурлалтайгаа дөнгөж учирч байсан бөгөөд хайртай охиноо намрын ажилд явсных нь дараа энэ шүлгийг бичжээ. Харин тэр үед Ц.Чулуунбат нар “Залуус” хамтлагт, Х.Лхагвасүрэн есөн настай хүүхэд байсан гэнэ. Түүнээс хойш 14 жилийн дараа 1989 оны гуравдугаар сард "Харанга" хамтлаг байгуулагдахад энэ дууг анхны тоглолтдоо оруулах саналыг хамтлагийн гишүүд гаргажээ. Энэ тухай бөмбөрчин Н.Пүрэвдаш "Бид 15-16 дуутай концерт босгоё" гэж ярилцаад эртний дуунуудаасаа сонгосон хэмээн ярьсан байна. Тэд энэ дууг “Дэлхий ертөнц” тоглолт дээрээ дуулсан бөгөөд анхны уянгын хувилбараас нь хард рок руу хөрвүүлж дуулсан юм. Энэ санааг Ц.Чулуунбат дэвшүүлэхэд Ц.Энхманлай тун таагүй хүлээн авсан гэдэг. Иймээс хуучин янзаар нь дуулуулахаар бодож явсаар 1999 онд аман хуур хөгжим оруулан уянгын төрлөөр “Unplugged” тоглолт дээр дуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ дуу гурван янзын хөгжмийн найруулгатай. Хамтлагийн гишүүд 1991 онд өөрсдийн зардлаар Москва явж найман дуу мэргэжлийн студид бичүүлсний нэг нь “Шивнээ” юм. Тэгэхэд Монголд мэргэжлийн студи байгаагүй тул нэг дууг хоёр савхин курткээр тулж бичүүлэхээр тохирчээ. Тэгэхэд оросууд гитарчин Ц.Энхманлайн тоглолтыг үнэхээр биширч байжээ. Мөн 1997 онд Германы Бонн хотод очиж хоёр CD бичүүлэхдээ "Шивнээ" дууг дахин бичүүлсэн байна.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг