images

“Олонтой явсан аав”


     Яруу найрагч С.Амартайван, ардын жүжигчин А.Энхтайван, СТА Б.Батболд нарын хамтын бүтээл "Олонтой явсан аав" дууны түүхийг хүргэж байна. Энэ дуу 2004 оны "Морин хуур" наадмын тэргүүн шагналыг хүртсэн даруйдаа хит болж одоо ч дуулагдсаар байгаа билээ. С.Амартайваны аав нутаг усандаа хүндлэгдсэн, моринд нүдтэй, малч удмын сайхан буурал байсныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан дурсдаг байна. Тэрбээр "Олонтой явсан аав" дууны шүлгийг 2004 оны хавар Баруун-Уртаас Улаанбаатар орох замд бичжээ. Аав нь бурхан болоод удаагүй байсан тул найраг хөгжөөж дуун хөшөө босгоё гэж бодож шүлэг бичсэн гэж дурссан байна. Тухайн үед Баруун-Уртаас замд ханьссан нэг хүн эцгийгээ бурхан болоод удаагүйг түүнд ярьж "Одоо ч гэсэн гэртээ харихад аав минь байгаа юм шиг бодогддог" гэсэн нь "Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ, итгэж чадахгүй л юм даа" гэсэн шүлгийн мөр болж сэтгэлд нь буужээ. Тэгээд дуундаа Бургастын гол, Харгилтайн гол, Хонгорын гол, Зотол хайрхан уул гээд аавынхаа хэдэн үеэр амьдарч ирсэн нутгийн уул усыг дуунд мөнхөлсөн байна. Тэгж байтал нэг удаа Өвөрхангай руу ажлаар явахаар болж, замдаа А.Энхтайвантай учирч шүлгээ уншиж өгөөд аятай болгохоор тохиролцож дуу болгосон гэнэ. Энэ дууг Б.Батболд дуулж "Ая дан" студид бичүүлээд тэр жилдээ урлагийн том наадамд орж түрүүлсэн гэдэг.