images

“Бид”


“Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би

Дурласан охиндоо дуу аялан очих дуртай” энэ бол “Номин талст” хамтлагийг залуусын дунд алдаршуулсан “Бид” дуу билээ. Энэ дууг 1997 онд тус хамтлагийн ахлагч Д.Батсүх зохиосон юм. Тэрбээр хамтлагийнхаа дөрвөн гишүүний зан аашийг шингээн, хүн бүр өөрийн нэг бадгийг дуулахаар дууны шүлгийг зохиосон бөгөөд аяыг нь ч өөрөө хийжээ. Улмаар дууны бадгууд дундаас дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан

“Хөөрхөн охидыг би шохоорхон хараад би

Хөгжилтэй бодол өвөрлөн алхдаг

Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай би

Дурласан охиндоо дуу аялан очих дуртай” гэсэн дөрөв дэх бадаг сонсогчдын хамгийн дуртай хэсэг болжээ. Харин дуу бүтэх үед Т.Дэлгэрмөрөн "Миний хэсгийг охидыг шохоорхдог, охидод дуртай гэж бичлээ" хэмээн голонгуй, сэтгэл дундуур байсан гэдэг. Учир нь, гишүүн бүрийн зан аашийг шингээж бичсэн гэчхээд Д.Батсүх, А.Хаянхярваа, Т.Хангэрэл нарын бадгийг эх орон, эцэг эхдээ хайртай, өөдрөг сэтгэлтэй гэсэн утгаар бичсэн байв. Гэвч хамтлагийнхан нь “Чиний энэ бадаг заавал байж дуу гоё болно” хэмээн ятгажээ. Ингээд хөгжмийн найруулгаа хийлгэхээр хөгжмийн зохиолч Г.Энхбаярт хандаж, “On’n Off”-ийн С.Ононбатаар клипээ бүтээлгэсэн байна. Тэд хоолойгоо дөрвөн замтай “Sony”-гийн пульт дээр бичүүлж, дүрсээ Баянгол дүүргийн 147 дугаар цэцэрлэгийн гадна талбайд авсан юм. Тэгэхэд гадаа хэдийнээ сэрүү уначихсан байсан ч харанхуй шөнөөр хүйтэн ус цацуулж бороон дунд бүжиглэж байгаа юм шиг зураг авахуулах чанга байсан тухай дуучин А.Хаянхярваа дурсжээ. Ийнхүү 1998 онд “Бид” дуу клиптэй болсон бөгөөд бүтэн жилийн турш үзэгчдийн захиалгаар цэнхэр дэлгэцээр гарчээ.

Эх сурвалж: “25” дугаар суваг телевизийн “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг