images

"Миний нулимсыг салхи л арчина"


     1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох жүжгийг арваадхан хүн үздэг байжээ. Зах зээлийн шаардлагаар үзэгчид тайзнаас хөндийрсөн тэр үед буюу 2001 онд “Надаар тоглосон хайр” жүжгийг тавьсан нь театрыг буцаагаад хүнээр дүүрэн болгосон гэдэг. Учир нь, энэ жүжиг өөрийн гэсэн дуутай байсан нь үзэгчдэд их хүрч, тэднийг театр руу татжээ. Тэр дуу бол “Freezone” хамтлагийн дуулсан "Миний нулимсыг салхи арчина" дуу билээ. Энэ дуу жүжгийн продюсер, найруулагч, зохиолч, гол дүрийн жүжигчид гээд бүгдийнх нь анхны дуу болсноороо ч онцлог. Дөнгөж сургуулиа төгсөөд театрт продюсерээр очсон Г.Цоггэрэл жүжиг, дуу бүхий шинэ уран бүтээл хийх санал найруулагч Түвшинд тавихад үл ойшоосон ч Н.Наранбаатар зөвшөөрснөөр ажилдаа оржээ. Тэд жүжгийнхээ санааг ярилцаад Ш.Гүрбазар зохиолч дээр очиж зохиол бичүүлэв. Улмаар дууныхаа шүлгийг ч бичүүлээд "Харанга"-ын Ц.Чулуунбатаар ая хийлгэсэн байна. Тухайн үед хөгжмийн зохиолч "Freezone" хамтлагтай хамтран ажиллаж байсан үе тул тус хамтлагаар дуулуулахаар болжээ. Мөн дууны клипийг "Заяа" студийн Даваахайгаар хийлгэсэн гэдэг. Тэгэхэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Зурагтын гэр хороолол, Шадивлангийн зуслан гэсэн гурван газарт нэг өдрийн дотор зураг авчээ. Энэ тухай "Freezone" хамтлагийн Г.Баттөмөр, П.Билгүүдэй нар "Бид дор хаяж 3-4 өдөр зураг авах байх гэж бодож байтал нэг өдрийн дотор л дуусгачихсан. Бүр шөнө болсон хойно Шадивланд очоод дүрсээ авахад энэ ч юу л болдог бол гэж бодогдож байлаа" гэж ярьжээ. Хэдий богино хугацаанд бүтсэн ч сайн клип болсон тухай Ц.Чулуунбат "Энэ дууг, мөн жүжгээ ч клип нь их өргөсөн байх шүү" хэмээн ярьсан байна. Тухайн үед "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрүүдэд Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг, С.Болд-Эрдэнэ нар тоглосон бөгөөд клипний зураг авалтад маш богино хугацаанд оролцжээ. Учир нь, Д.Ганцэцэг "Цахлай" жүжгийн сургуулилттай, театраас ч гарах чөлөөгүй үеэр гадаа цас орж таарчээ. Тэр цасыг л ашиглаад дүрсээ авах санаатай байсан Н.Наранбаатар зураглаач Даваахай руу утас цохиж дуудаж авчраад, Д.Ганцэцэгийг хамгийн хол зайтай үзэгдлийнхээ үеэр гялс гарч ирэхийг хүссэнээр дүрсээ авч амжсан гэнэ. Ингэж бичсэн тэр хэсэг "Миний нулимсыг салхи арчина" дууны хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсэг болсон билээ.

     Ингээд жүжгийн бэлтгэл, бүх зүйл бэлэн болсны дараа театрын Уран сайхны зөвлөлөөр ортол Б.Баатар найруулагч тэргүүтэй хүмүүс "Ийм хогийн тантан хэн үзэх юм бэ. Бүтэхгүй болсон цагт нь та нар толгойгоо шаана аа" хэмээн хатуу шүүмжилжээ. Тэгэхэд Н.Наранбаатар шатан дээр уйлж суухдаа "Баатар аа, би чамаас сайн найруулагч болно доо" гэх ганцхан юмыг бодож байсан гэдэг. Ингээд нэгэнт баахан зардал гаргаж дуу хүртэл бүтээсэн учраас жүжгээ тоглохоор болсон байна. Гэтэл төсөөлснөөс эсрэгээр театрын гурван давхар танхимаар дүүрэн хүн жүжгийг үзэж, жүжиг дуусахад бүгд босож зогсоод алга ташжээ. Ингээд зохиолч Ш.Гүрбазар хорь гаруй удаа театрт очиж ёсолсон байна. Жүжгийн дараа хүнд шалгуурыг давж анхны бүтээлээ толилуулсан найруулагч, продюсер хоёр толгой нийлүүлэн уйлж байжээ.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг.