images

"Насны намар"


    Энэ дууны аялгууг "Зүүдэн бороо", "Зүрхний уяа", "Хилийн заставын хар нүдэн бүсгүй", "Сүүн далай ээж" зэрэг 400 гаруй дууг зохиосон хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав бичжээ. Тэрээр Увс аймгийн Тэс сумын уугуул бөгөөд түүний зохиосон дуу бүрийн бүтсэн түүх сонин гэдэг. Нэг удаа Хэнтий аймагт тоглолтоор явж байхад нь нутагтаа суугаа ээж нь бурхан болсон харамсалтай мэдээг сонсоод яаран нутаг буцахаар болжээ. Ижийтэйгээ уулзаж амжилгүй алдчихаад уйлан хайлан байхад нь яруу найрагч Д. Амгалан таарч “Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэхэв. Чамд нэг шүлэг өгье. Ая хийгээд ээждээ дуун суварга босго доо" гэжээ. Тэгээд удсан ч үгүй  хэдэн шүлгийн мөртийг  алгын чинээ цаасан дээр дурайлгаад өгчээ. Увс руу онгоцоор нисэх замдаа тухайн шүлэгт ая хийж дууны нот, эх бичмэлээ ижийнхээ дэрэн дор хийгээд хөдөөлүүлж байсан гэдэг.