images

"Охин"


“Зөрөөд өнгөрөх тэрхэн зуур

Зүрх сэтгэлд гэгээ татсан...

...Хүнээс илүү төрсөн

Ээжийн охин байх юм аа...” Энэ бол хөгжмийн зохиолч Г.Энхбаярын ая, яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн шүлэг, 1990-ээд оны хит,  “Охин” дуу билээ. Энэ дууг одоогийн “Хү” хамтлагийн продюсер Б.Дашдондог анх дуулж “Охины” Б.Дашдондог хэмээн овоглуулж байв. Тухайн үед энэ дууны зохиогчид МҮОНРТ-д ажилладаг байжээ. Тиймээс Үндэсний телевизийн хөгжмийн студид 1990 онд “Охин” дууг бичүүлсэн нь “Хөх тэнгэр” хамтлагийн гурав дахь дуу болсон гэдэг. Энэ дуу яаж бүтсэн тухай хөгжмийн зохиолч Г.Энхбаяр “Би хоёр охиндоо дуу зориулж хийе гэж бодоод шар Мягаадаа хэлтэл ашгүй Мягаа ч бас хоёр охинтой байж таарсан” хэмээн ярьжээ. Учир нь, энэ хоёр уран бүтээлч “Хөх тэнгэр” хамтлагийн “Зуны оройн сайхан” дууг хамтран хийж дуусаад байтал ийм санал гарсанд яруу найрагч Л.Мягмарсүрэн ихэд баярлажээ. Тийм ч учраас хоёрхон хоногийн дотор үгээ бичиж Г.Энхбаяр дээр ирвэл энгийн хэрнээ утга агуулга сайтай шүлэг нь ихэд таалагдаж ая хийхээр шуударсан байна. Ингээд дуу бэлэн болоход Г.Энхбаяр өөрийн шавь Б.Дашдондогоор дуулуулахаар болжээ. Мөн гитарчин Д.Өлзий-Орших, дуучин Б.Сарантуяа нар ард нь туслах хоолой хийсэн байна. Ийнхүү “Охин” дуу бүтсэнээс хойш 33 жил өнгөрөхөд “Шөнийн галт тэрэг”, “Камертон” зэрэг олон хамтлаг, дуучид коверлон дуулжээ. Энэ мэтээр хамтлаг, дуучид "Охин" дууг авч дуулдагт дууны эзэд баярлаж явдаг гэнэ. Учир нь, өөрийн бүтээл үргэлж шинэчлэгдэн үе дамжин дуулагдах сайхан байдаг ажээ. Мөн энэ дуу Хөгжим, бүжгийн коллежийн залуусын хөнгөн буюу цахилгаан хөгжим тоглож сурахдаа хамгийн түрүүнд тоглож сурдаг сургалтын дуу юм. Тиймээс тус сургуулийнхан энэ дууг дууны төрөл бүрийн урсгал руу хөрвүүлэн шинээр найруулж дуулах дуртай гэнэ.

Эх сурвалж: “25 дугаар суваг" телевизийн “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг.