Сайн морийг туурайн чимээнээр таньсан нь


     Боржигон цэцэн вангийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ. Тэрбээр нэг удаа гэртээ нэлээд халамцуухан сууж байтал нохой хуцаж морьтоны төвөргөөн сонсогдов гэнэ. Ганжуур хүүхдүүдээ дуудаж “Сайн морины дөрвөн туурай дуугарав. Гарч харцгаа” гэжээ. Гэтэл тэднийд олон адуу хөтөлсөн аяны хоёр хүн ирж гэнэ. Аяны хүмүүсийг цай уух зуурт Ганжуур морьдыг харахаар гарчээ. Холбоотой хоёр адуу нүдэнд нь тусч гэнэ. Эргэж орж ирээд адууны наймаа хэлэлцэж “Хөтөлж яваа хүрэн гүүг чинь авья. Аяны улс та нарт хэрэг болно, гадаа уяан дээр байгаа гурван сайхан морийг минь унаад яв” гэжээ. Аяны хүмүүс ч уухайн тас өгч, авалцаад яваад өгч гэнэ. Тэгээд тэднийг явсны дараа ”Энэ хүрэн гүүний гэдсэнд ганц хурдан хүлэг бий дээ. Үүнийг л авах гэж гурвын гурван сайхан морио өглөө дөө” гэхэд хүүхдүүд нь зэмлэж “Та адууны гэдсэн доторх адууг яаж мэдэв” гэж мориндоо харамсахад Ганжуур “Сав нь сайн юм билээ. Унагалаагүй эрмэг гүү хээл авсан байна. Аз байвал ажнай хүлэг төрөх биз” гэжээ. Хойтон жил нь хүрэн гүүнээс хэнз хүрэн унага гарч гэнэ. ”Хэнз хүрэн” даагандаа хурднаа гайхуулж, урьдаа юуг ч гаргасангүй гэнэ. Хурдны их нь даага, соёолондоо гэдэг. Олон түрүү авч учсан эзнээ баярлуулж байжээ. Хожим хөгшрөөд Баян айргийн нуруунд зогсоогоороо үхсэн домогтой. Эхлээд эзэн нь “Хөгширч зөнөөд адуу гүйцэхгүй ганцаараа уулын энгэрт зогсоод байна” гэж боджээ. Гэтэл хамраас нь ус гоожиж газарт хүртэл мөсжин дөрвөн хөл нь хөшиж хөлдөж хоцорсон байсан гэнэ.

Эх сурвалж: Монголын морин уяачдын холбоо