images

“Монголын тал нутаг”


Яруу найрагч Загдын Түмэнжаргал “Сургууль минь баяртай”, “Уяхан цэнхэр хавар”, “Дууны хорвоо”, “Очоод золгоно доо”, “Ус мөрөн олон чиг”,  мөн хүүхдийн “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрэв байдаг бол”, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бөөн баяр” тэргүүтэй 60 гаруй дууны үгийг зохиожээ. Тэрбээр өөрийн сор бүтээлүүдийн нэг “Монголын тал нутаг” дууны тухай 2002 онд “Үг” сонинд ийн хуваалцаж байжээ. Энэ дууны шүлгээр З.Түмэнжаргал “Алтан өд” наадмын тэргүүн шагналыг хүртэж байв.

     “Энэ дуу их сонин түүхтэй. 2001 онд би Солонгос, Хятад, Казахстанд ажлаар очоод агаар нь таарахгүй, халуунд бүгчимдээд л нутагтаа буцахын түүс болж байлаа. Тэгээд эх орондоо эргэж ирээд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд буухад агаар нь сэнхийгээд, цээж дэвтээд л нэг сайхан болсон юм. Тэр өдрийн үүрээр ер нь нэг дуу хийнэ дээ гэж саначхаад явж байтал Японы Юми гэдэг дуучин ирсэн байлаа. "Учиртай гурван толгой"-н Нансалмаад дуулаад байсан бүсгүй юмсанж. Тэр "Монголын тал нутаг яасан сайхан юм бэ" гэж уулга алдаад энэ тухай л дуу хийлгэмээр байна гэж хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт захиалга өгсөн. Тэгээд л өмнө нь өөрөө бодож явсан болохоор их амархан бүтсэн. Энэ дуунд ерөөсөө дөрвөн үг л байгаа. Энэ дууны үг “Яасан цэнгэг юм бэ Монголын ариун агаар, Ямар цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр, Яасан уудам юм бэ Монголын тал нутаг, Ямар уужуу юм бэ монгол хүний сэтгэл” гэж. Дараа нь тэр эмэгтэй захиалсан дуугаа дуулах гэж ирэхдээ “Монголын тал нутгийг өөрийн биеэр мэдэрч байж дуулмаар байна” гээд Бээжингээс галт тэргэнд суугаад ирлээ. Энэ дууг дуулахаар өөрийн эрхгүй нулимс гардаг юм гэж байсан. Ингээд дараа нь дуурийн дуучин Долгор гээд л хүмүүс дуулж эхэлсэн. Хамгийн сүүлд нь "Камертон" хамтлаг Сингапурт байж байгаад ирэхдээ их бахархалтайгаар энэ дууг СD-нийхээ нэгдүгээрт бичиж дуулж амьдруулсан юм”.