images

“Гэгээн наранд ойрхон өслөө би”


 “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Гэгээн наранд ойрхон өслөө би” дууны талаар ингэж хуваалцжээ.

     “Зохиолчдын хорооны нэг давхрын хамгийн булангийн өрөөнд Н.Энхбаяр, Х.Мэргэн, Ж.Оюунцэцэг гурав суудаг байсан юм. Би тэдэн дээр очиж буу халж, цай, кофе их ууж сууна. Нэг өдөр Энхбаяр “Жагаа, чи англи хэл дээр дуу зохиохгүй юм уу?” гэж асуулаа. Би “Одоохондоо хэцүү байна. Эхлээд монголоороо дуулаад сурчихмаар байна. Аятайхан дууны шүлэг биччих хүн энэ хавиар хэн байна?” гэж лавлатал надад хоёр хүн санал болгосны нэг нь О.Дашбалбар байлаа. Тэгээд би О.Дашбалбарыг сураглаж, гэрээр нь очлоо. 5 дугаар сургуулийн хажууд нэг өрөө байранд мань хүн хөлөө хугалчихсан, шалан дээгүүрээ хамаг юмаа хөглөрүүлчихсэн угтаж билээ. Би хэллээ. “Намайг Жаргалсайхан гэдэг. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч байна. Өөртэй чинь танилцвал зүгээр гэж Н.Энхбаяр хэллээ” гэтэл их сайхан хүлээж авсан. Хоёулаа чихэртэй хар цай уугаад, ойр зуур сонин хачнаасаа хуучилж суусаар харанхуй шөнө болгосон. Тэр шөнө би түүнээс дууны шүлэг асуусан ч үгүй, тэр надад өгье гэсэн ч үгүй салсан. Нөгөөдөр нь уулзсан. Тэгээд л байнга уулздаг болсон доо. Тэгээд түүнээс хэдэн шүлэг авсны нэг нь  “Гэгээн наранд ойрхон өслөө, би” юм”  гэжээ. Энэ дуу 1986 онд бүтсэн бөгөөд хамгийн анх гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших гитартай дуулжээ.