images

"Мөрдөст бүсгүй"


 Нийслэлийн онцгой байдлын албан хаагч, дуучин М.Сумъяадорж төрийн цэргийн болон тусгай байгууллагын алба хаагч эмэгтэйчүүдэд зориулан гаргасан “Мөрдөст бүсгүй” дуу хэрхэн бүтсэн тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгийн хуваалцсныг хүргэж байна.

   "Онцгой байдлын байгууллагад өдөр шөнө, халуун хүйтэн ямар ч цаг үед эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдээр бахархдаг. Би ч эх орныхоо Алтай, говь, хангай гээд цөөнгүй газар тушаалаар томилогдон ажиллаж байхдаа олон сайхан нягт нямбай, эрэлхэг дайчин бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан. Монгол эмэгтэйчүүдийн тэсвэр тэвчээр, хатан зориг үнэхээр гайхамшигтай. Тэд буурал дээдсийнхээ баатарлаг түүхийг үргэлжлүүлж, Монгол улсынхаа Зэвсэгт хүчин, хил, онцгой байдал, дотоодын цэрэг, цагдаа хүчний байгууллагад эрчүүдтэй мөр зэрэгцэн дэлхийн цэнхэр дуулгатнуудын эгнээг чимж, энхийг сахиулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байна.

    Энэ сайхан бүсгүйчүүдээрээ бахархаж, алдаршуулах үүднээс анх шүлэг бичих санаа Хөвсгөл нутагт төрж байлаа. Ингээд Улаанбаатарт дуу болох хувьтай байжээ. Нэг өдөр Н.Чулуунхүү гавьяат нийслэлийн Онцгой байдлын газар дээр ирж, Ж.Чүлтэмсүрэн хурандаа биднийг албан ёсоор танилцуулж байлаа. Дуу болох шүлэг байна гээд надаас хэд, хэдэн шүлэг аваад явсан юм. Аялгуу хийх бодолтой явсан байх, харамсалтай нь гавьяат маань бурхны оронд одож, аялгуу тасарсан. Гэсэн ч түүний шавь, дэд ахлагч Д.Сумьяадорж бид нар цэрэг, армид алба хааж буй мөрдөст бүсгүйчүүддээ зориулсан дуу бүтээх ажлыг үргэлжлүүлж, аялгууг залуу хөгжмийн зохиолч, дуучин Б.Сайнтөмөр, хөгжмийн найруулгыг Дундговийн “Дуурьсал” хамтлагийн дуучин Б.Энхбаяр, клипийг “Зат”-ын захирал, кино найруулагч, зураглаач, СТА Ц.Заяабаатар хийж олны хүртээл болголоо. Цэргийн хүний ар гэр бол мөн л цэргийн хүн шиг болсон байдаг. Алтай, Хангай гээд тушаал аваад үүрэг гүйцэтгэж байхад минь үргэлж хамт байж, ар тал гэр бүлээ бүтэн авч явсан хань О.Алтанчулуудаа ч бас дуугаа зориулжээ".