images

“Энхрийлмээр”


     Одоогоос дөрвөн жилийн өмнө дуучин С.Бичүү “Энхрийлмээр” хэмээх хайрын дуу гаргаж олны талархлыг хүлээсэн билээ. Тэрбээр энэ дууг яруу найрагч Ш.Гүрбазар, хөгжмийн зохиолч Л.Балхжав нартай хамтран бүтээжээ. Уянгын бүтээл хийх бодол тээж явсан дуучин яруу найрагч Ш.Гүрбазарт хандан “Гэрэл гэгээтэй, одоо л хайрлахгүй бол оройтох нь, хайртай хүмүүсээ үргэлж энхрийлж хайрлаж байх хэрэгтэй гэсэн санаа агуулсан шүлэг бичиж өгөөч” хэмээн гуйжээ. Улмаар зохиолч, дуучин хоёр дууныхаа үг бүр дээр ярилцаж, утга агуулга төгс үгтэй бүтээл болгохоор шамдав. Мөн хөгжмийн зохиолч Л.Балхжаваар ая, Чингис хаан хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Байдрагаар хөгжмийн найруулга хийлгэжээ. Ингээд “Байдраг” студид хоолойны бичлэгт орохын өмнө дотроосоо мэдэрч дуулахын тулд их бэлтгэл хийсэн гэдэг. Учир нь дууны үг, аяыг бичсэн уран бүтээлчид үг бүрийг нь мэдэрч сэтгэлтэй дуулахыг захьжээ. Харин дууны клипний санааг эхнэр нь гаргасан байна. Тэрбээр “Гүрээ ах залуу насаа дурсаад дууны шүлгээ бичиж байгаагаар, дараа нь ая зохиож, клип хийж буйгаар гээд энэ дуу яаж бүтэж буйг харуулья” гэсэн санал хэлсэн аж. Ийнхүү  “Энхрийлмээр” дууны дүрс бичлэгт яруу найрагч, зохиолч, хөгжмийн найруулагч, дуучин, дуу бичлэгийн студи, клипний зураг авалт бүгдийг нь харуулсан байна. Мөн дундуур нь хоёр бүжигчин тоглуулж зохиомж оруулжээ.