images

“Багшаа дуулъя”


     Монголын багш нарын сүлд дуу болсон “Багшаа дуулъя” дууны үгийг зохиосон Ж.Бадрагийн тухай гэргий Х.Бадарч нь дурсан ярихдаа Бадраад гурван үндсэн багш байсан. Олон багш нарын ач их л дээ. Багшийн тухай нэг сайхан дуу хийх юмсан гэдэг байсан. “Багшаа дуулъя” дуугаа тэр гурван багшаа л бодож хийсэн шиг байгаа юм.

Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та

Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та

Оройд дээдлэм ардын багш таны

Ойд шингээсэн баатар сүрийг магтья

Нэг нь үүдийг нээж өгсөн, нэг нь үзлийг суурилж өгсөн, нэг нь дэвшлийг ойлгуулсан гэж гурван багшаа хэлсэн болов уу гэж таамагладаг юм. "Гурван багшдаа зориулж бичсэн юм уу?" гэхээр “Юу гэж гуравхан хүнд бичдэг юм, бүх багш нартаа бичихгүй юу” гэдэг" гэжээ.

Харин Ж.Бадраа энэ тухай ярихдаа "Энэ дуу Ш.Эрдэнэбатынх. Эрдэнэбат радиод ажиллаж байсан юм. Тэр үед Багш нарын баярыг анх хийсэн юм билээ. “Багшийн тухай дуу хэрэгтэй байна” гээд бодвол радиогийнхан ярьсан болов уу. Нэг өдөр Эрдэнэбат манайд ирээд, “Бадраа, хоёулаа нэг дуу хийе. Би ийм ая хийлээ, чи үг бичээч” гэдэг юм. Хоёулаа яваад, аятайхан юм болчихлоо гээд ирж байсан гэжээ.

Монголын багш нарын өдрийг 50 дахь жилдээ тэмдэглэсэн жил буюу 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр БШУ-ны сайдын тушаалаар “Багшаа дуулъя” дууг Монголын багш нарын сүлд дуу болгосныг албан ёсоор зарлажээ.