images

Маршалтай уулзсан самган


     Алтайн урианхайн Оорцог хошууны (Одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан сум) занги Б.Товжаан эхнэр Г.Малчаа гэж үйлэнд уран, үгэнд цэцэн, ажилч малч самган байжээ. 1930-аад оны сүүл, цаг төр нүргээнтэй байх цагаар ганц хүү нь цэрэгт яваад удаагүй байтал хошуу занги явсан  нөхөр нь хувьсгалын эсэргүү хэрэгт баригдаж оджээ.

     Ийм бэрх гачлантай нүүр тулсан эмгэн Улаанбаатар явж маршал Чойбалсантай уулзан учир зовлонгоо тоочиж ядаж ганц хүүгээ цэргээс чөлөөлүүлэхээр шийдэн аян замын хоол хүнс бэлдэж, хоёр дээлийн цагаан хурганы арьс элдэж аваад Зэрэг сум орж өртөөний унаанд дайгдан замд гарчээ. Ингэж явсаар хот орж Тээврийн товчоон дээр буун таних айлгүйн улмаас тэр хавиар хоёр хоножээ. Нэг өдөр дугуй ногоон малгайтай цэргийн хоёр залуу явж байхад нь очиж уулзаад алс холын баруун хягзаараас ирснээ яриад “Манай нутгийн Цэвэг-Очир гэж яг та хоёр шиг цэргийн хүү бий. Би тэр хүүтэй уулзахаар ирсэн” гэж ярихад нөгөө хоёр залуу “Манай яаманд тийм хүн бий. Тантай уулзуулж өгнө” гээд явжээ. Маргааш нь нутгийн хүү Цэвэг-Очир самганыг олж ирж уулзаад гэртээ дагуулж очсон байна. Самган зорьж ирсэн хэрэг зоригоо учирлан маршалтай уулзаж хүү Чүлтэмийгээ цэргээс чөлөөлүүлж авахаар ирснээ ярьжээ. Ингээд нэлээд олон хоног хүлээж байж нутгийн хүүгийн тусламжтайгаар маршал дээр орж уулзаж чаджээ. Маршал дээр ороод нэлээд удаж байж гарч ирснээ Цэвэг-Очирыг дуудан “Маршал намайг манайд очиж хоно гэж байна. Чи одоохон яваад нөгөө миний авчирсан хоёр дээлийн хурганы арьс аваад ир” гэжээ. Залуу даруйхан явж хэлсэн зүйлийг нь авчирж өгчээ.

     Удалгүй ажил тарж оройхон маршал самганыг машиндаа суулган гэрийн зүг одоод маргааш нь нөгөө газраа авчирж буулгажээ. Самган нутгийн хүүгийндээ эргэж ирээд ийн хуучилсан гэнэ. “Маршал сайхан зантай хүн байна. Намайг сайхан хүлээж аваад гэртээ хонууллаа. Би амьдрал ахуйгаа тодорхой хэллээ. Бага хүү Эрхэмбаяр цэрэгт яваад нас барсан. Том хүүг минь цэрэгт татаад явсан. Миний нөхөр Товжаа гэж өвгөн байсныг эсэргүү хэрэгт барьж яваад буудаж алсан сурагтай. Хонь хариулдаг өвгөн хонины бэлчээрт юугаа эсэргүүцэж байсныг би мэдэхгүй. Одоо ард 4000 гаруй толгой мал байна. Тэр малд эзэн хэрэгтэй байна. Монгол улсад мал хэрэгтэй байх гэж бодож байна. Тэр малд бас эзэн хэрэгтэй байх. Миний нас хөгширч мал дагах тэнхэлгүй болжээ. Иймд хүү Чүлтэмийг минь цэргээс чөлөөлж өгнө үү гэдгээ хэллээ. Хоёр хурганы арьсан дээлийн дотроо нэгийг нь маршалд, нөгөөхийг нь эхнэрт нь бэлэг болгож барилаа. Маршал миний аргагүй байдлыг сайн ойлгосноо хэлээд хүүг минь удахгүй цэргээс чөлөөлж өгнө гэлээ” гээд ихэд баяртай суусан гэдэг. Эмгэн ингээд нутаг буцаж хүү нь ч удалгүй цэргээс чөлөөлөгдөн гэртээ харьсан ажээ.

Д.Бизьяа