images

“Тэнгэр ээж минь өршөө”


    Ардын жүжигчин, дуучин Ж.Чимэдцэеэ шүүдрийн дуслаар цай чанаж эхийнхээ ачийг хариулах гэсэн боловч сэтгэлд нь хүрсэнгүй гээд ээждээ зориулж нэгэн дууны үгийг зохиож, дуулснаар “Тэнгэр ээж минь өршөө” дуу бүтжээ. Дуучин бүсгүй шинэхэн дуугаа өлгийдөж авсан даруйдаа анх ээждээ дуулж өгөхөд нь “Миний охин ёстой л нэг ээжийнхээ ачийг хариуллаа даа” гэж баярласан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэгт ярихдаа “Хүүхэд ахуй цагт эмэг ээж минь надад нэг домог ярьж өгсөн юм. Тэр нь хүн ер нь эхийнхээ ачийг хариулна гэж байдаггүй. Шүүдрийн усыг цуглуулаад цай чанаж өгөхөд нэг шөнө босож хөхүүлсэн ачийг нь хариулж гүйцдэг гэсэн утгатай. Энэ үг ч үргэлжид миний бодлоос гарахгүй яваад л байв. Дуучин боллоо, ажлын шугамаар нэлээд их хөдөө бригадаар их явдаг болов. Тэр үедээ ээждээ зориулж нэг дорвитойхон шиг юм бүтээх юм сан гэсэн бодол хатгаад болохгүй. Амралт дөхөхөөр л ээж, нутгийн зүг жолоо зална. Манайх Уулбаян сумын 2 дугаар бригадад байна. Тэнд Дов-Ухаа гэж нэг газар бий. Нэг зун гэртээ очоод амарч байгаад Дов-Ухаагийн араар нэлээд шүүдэр тогтсон харагдаад, өнөөх бодол толгойнд ороод ирэв. Тэгээд иш нь хугарчихсан шанаганы толгой бэлдэж тавиад, үдэш бодож хоноод нэг шөнө гарч очно доо гэж төлөвлөлөө.  Үүр цайж гараад явлаа. Тэгээд тогсон шүүдрийг нь цохиод түүх гэж үзсэн үнэндээ барсангүй, эмээгийн хэлсэн үг л санаанд түрүүнд бууж ирсэн дээ. Гэвч багахан цуглуулсан юмаа, нар ханийн толгойд тусах үед ээждээ авчирч өгсөн юм. Тэгэхэд ээж минь “Шүүдэр цуглуулна гэж бүтэхгүй зүйл бодоод яах вэ ажлаа л сайн хий. Тэгвэл миний ачийг хариулна” гэж хэлж байлаа. Ээжийн захисан ёсоор ажлаа сайн хийсэн ч ээжийнхээ ачийг төдийлөн сайн хариулж чадахгүй байгаа юм шиг л санагдаад байв. Би ихэвчлэн шөнө унтахдаа дэвтэр, үзэг тавиад унтдаг байв. Хэрвээ харанхуйд сайхан шүлгийн мөртүүд орж ирвэл шугамдаж тэмтэрч байгаад л биччихдэг. Нэг шөнө гэнэтхэн ээжийн тухай бодож байгаад дэвтэр үзгээ барьтал хоёр цагийн дотор шүлэг биччихсэн. Өндийгөөд хартал үүр цайгаад, ерөөсөө дуу болгох ёстой гэсэн санаа зориг шулуудаад  Сүхбаатар аймгийнхаа театрын хөгжмийн зохиолч С.Батсайхан дээр очсон. Тэгээд миний ээжийгээ хайрлах хайраа дуугаараа илэрхийлэхийг хүссэн хүслийг минь сонсоод үдээс хойш нь ая хийчихсэн. Хоёр биеэ тэгж хөөргөж хийсэн дуугаараа урам өгөөд л тэрнээс хойш дуулагдсан даа” гэжээ.