images

“286 дугаар галт тэрэг” симфони


Хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр "286 дугаар галт тэрэг" симфони хөгжмөө яаж хийсэн түүхээ манай сэтгүүлчид ийн ярилаа.

     Манай нутгийн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” гэдэг шүлэг бий. Улаанбаатарын вокзал дээр ирээд Дорноговь руу галт тэрэг хөдлөхийг харахад дотоод сэтгэл нь үймэрч буй тухай энэ шүлэгт гардаг юм. Тэрийг уншаад “Нээрээ л тэгдэг дээ” гэж бодож байснаа "Би энэ сэдвээр хөгжмийн бүтээл хийж болох юм байна" гэж санасан. Энэ олон жил галт тэргээр явсных удаа ч үгүй хөгжмөө бичиж дуусгасан даа. Тэр үе бол 2013 он. Галт тэрэгний ерөнхий хэмнэлийг олчихвол бичихэд гайгүй ээ. Одоо манайд байгаа төмөр зам дундаа хэсэг зайтай. Тэр зам дээгүүр галт тэрэг яваад өнгөрөхөөр нийлээд салдаг. Тэгэхээр дугуй гарах бүрт түк түк гэж дуугарна. Галт тэрэгний дугуй хоёр хоёроороо ойрхон байдаг шүү дээ. Тэгэхээр нэлээн явж байгаад нэг түк түк гэж дуугарна. Яг тэр зааг дээр гарахаараа ингэж дуугардаг юм билээ. Удаан явж байхад бол түк... түк... гээд мэдэгдэнэ. Харин хурдан явж байхад дуу нь улам тодроод байдаг юм. Энэ хэмнэлийг хөгжимдөө оруулчхаар болж байгаа юм. Дунд нь социалист үеийг шингээж “Ган зам” дууны жижиг хэсгийг оруулсан. Тэгээд бүтээлээ Улаанбаатараас Дорноговь явдаг 286 галт тэргээр нэрлэсэн юм. Харин Дорноговиос Улаанбаатар хүрэх нь 276 дугаартай.  Энэ бүтээлээрээ өнгөрсөн жил Финландад болсон хөгжмийн зохиолчдын ес дэх уралдаанд оролцлоо. Тэр тэмцээн хоёр бүтээл шаардсан тул хөгжмийн ангилалд “Төгөлдөр хуурын концерт”, найрал хөгжмийн ангилалд “286 дугаар галт тэрэг” симфонио илгээж, хоёр бүтээлийн нийлбэрээр тэргүүн байр эзэлсэн.